45 сая төгрөгийн орлогоо нотолж чадаагүй албан тушаалтны хөрөнгийг хураажээ
АТГ-аас нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого нэмэгдсэн нь хууль ёсных, эсэхэд хяналт шалгалт хийдэг. Энэ хүрээнд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийнхэн шалгахад Худалдаж авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн А.Алтангэрэлийн хөрөнгө нэмэгдсэн байжээ. Үүнийг нь уг албан тушаалтнаас тодруулахад үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэнэ.
Тиймээс олон улсын эрх зүйд хэвшсэн “Unexplained wealth order” жишгийг АТГ-ынхан хэрэгжүүлсэн байна.
А.Алтангэрэл нь “Лексус RX-450” загварын автомашин худалдан авсан үнийн дүн болох 45 сая төгрөгийн эх үүсвэрийг хууль ёсны дагуу олсноо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй аж.
Өөрөөр хэлбэл, Авлигын эсрэг хуулийн 7.1.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь мэдүүлэг гаргагчийн тайлбар болон бусад нотлох баримтаар тогтоогджээ. Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын ажлын хүрээнд Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжийг хангахгүй боловч Авлигын эсрэг хуулийн 7.1.8-д заасан авлигын зөрчил болох үндэслэлгүйгээр хөрөнгөжих буюу албан тушаалтан зургаан сарын цалин хөлс, орлогоос илүү хөрөнгө, орлогыг хууль ёсны дагуу олсон болохоо үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байх тохиолдол гарч буй юм.
Иймд АТГ-аас А.Алтангэрэлийн хууль ёсны дагуу олсон, эсэхээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй 45 сая төгрөгийг улсын орлого болгуулахаар шүүхэд хүсэлт гаргасан аж.
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх уг зөрчлийг хянаад 45 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ. Эх үүсвэрийг нь үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй хөрөнгө, орлогыг эрүүгийн болон иргэний журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, цаг хугацаа алдалгүйгээр авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу шүүхийн журмаар шууд хураан авахыг олон улсын эрх зүйд “Unexplained wealth order” гэж нэрлэгддэг юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.