100 саяын хахууль авсан татварын байцаагчдыг шүүхэд шилжүүлэв

100 саяын хахууль авсан татварын байцаагчдыг шүүхэд шилжүүлэв

Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын улсын байцаагч А.Бадам, Б.Цогт-Очир нарын албан тушаалаа урвуулж, бусдаас их хэмжээний хахууль авсан хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дарцагт ноёд групп” ХХК-ийн татвар төлөлтөд дээрх хоёр байцаагч шалгалт хийсэн аж. Энэ үедээ албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйнхээ хариуд 2025 оны есдүгээр сарын 30-нд 100 сая төгрөгийн хахууль тус компанийн эрх бүхий албан тушаалтнаас авсан гэнэ. Улмаар уг мөнгөний “зүсийг хувиргаж” угаасан хэрэгт холбогдоод буй юм.

Нийслэлийн прокурорын газраас татварын байцаагч нарт Эрүүгийн хуулийн 22.4-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан”, 22.10-1-ийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, 18.6-1-д заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан шилжүүлсэн” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлджээ.

Харин “Дарцагт ноёд групп” ХХК-ийн эцсийн өмчлөгч Г.Нандинцогийг мөн хуулийн 22.5-1 дэх хэсгийн “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн” гэх заалтын дагуу яллагдагчаар тооцсон байна.

Тэдний гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.