Крокус Сити Холл-ын халдлагад холбогдогч шоронд амиа хорложээ
2024 оны "Крокус Сити Холл"-ын террорист халдлагын хэрэгт бүх насаараа хоригдох ял сонсоод байсан Якубжони Юсуфзода Москвагийн "Матросская Тишина" мөрдөн байцаах газарт амиа хорложээ.
37 настай түүнийг дөрөвдүгээр сарын 6-ны өдөр камертаа амьсгал хураасан байхыг олсон бөгөөд эмнэлгийн ажилтнууд яаралтай тусламж үзүүлсэн ч аварч чадаагүй гэж Холбооны ял шийтгэл гүйцэтгэх албанаас (ФСИН) албан ёсоор мэдээллээ.
Юсуфзода нь 2026 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Баруун бүсийн цэргийн шүүхээс бүх насаараа хоригдох ял авсан 15 ялтны нэг байв. Түүнийг терроризмыг санхүүжүүлсэн, тодруулбал халдлага үйлдэгчдийн Москва дахь түр байрны түрээсийн төлбөрийг төлж, халдлагын дараа нэмэлт мөнгө шилжүүлсэн хэрэгт буруутган ялласан юм. Тэрээр давж заалдах шатны шүүх хурлаа хүлээж, чанга дэглэмтэй хорих анги руу шилжихээсээ өмнө ийнхүү амиа егүүтгэх шийдвэр гаргажээ.
Хэрэг явдал хяналтын камерын дуранд бичигдэж үлдсэн бөгөөд ОХУ-ын Мөрдөн байцаах хорооноос уг хэрэгт албан ёсны шалгалт эхлүүлээд байна. Мөрдөгчид хорих ангийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн эсэх, эсвэл бусад хоригдлуудын зүгээс "амиа хорлоход хүргэсэн" байж болзошгүй нөхцөл байдлыг нарийвчлан тогтоохоор ажиллаж байгаа юм. Түүнчлэн өөр нэг ялтан болох Жабраил Аушев амиа хорлохыг оролдсон гэх мэдээлэл гарсан ч албаныхан үүнийг үгүйсгэж, түүний өмнөх гэмтэлтэй холбон тайлбарлажээ.

2024 оны гуравдугаар сарын 22-нд болсон, 150 орчим хүний аминд хүрсэн уг аймшигт халдлагын шүүх хурал 2025 оны наймдугаар сард эхэлж, 2026 оны гуравдугаар сард өндөрлөсөн юм. Шүүхээс уг халдлагыг "Исламын улс-Хорасан" (ISIS-K) бүлэглэлийн үүрүүд зохион байгуулсан гэж дүгнэсэн бөгөөд нийт 19 шүүгдэгчийн дийлэнх нь тусгай дэглэмтэй хорих ангид ял эдлэхээр болсон юм.
Юсуфзодагийн үхэл нь "Крокус Сити Холл"-ын хэргээр ял авсан хоригдлуудын дундах анхны тохиолдол болж байна. Энэхүү үйл явдал нь ОХУ-ын түүхэн дэх хамгийн том террорист халдлагуудын нэг болох уг хэргийн шүүх ажиллагааны дараах нөхцөл байдалд анхаарал татаж, хорих ангиудын хяналт шалгалтыг чангатгах асуудлыг хөндөж байна.

Эх сурвалж:
• rtvi.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.