Энэтхэгт эцэг хүү хоёрыг эрүүдэн шүүж аминд нь хүрсэн есөн цагдаад цаазын ял оноожээ
Энэтхэгийн Тамил Наду мужийн Мадурай хотын дүүргийн шүүхээс 2020 онд эцэг, хүү хоёрыг цагдаагийн хэлтэст эрүүдэн шүүж, аминд нь хүрсэн хэрэгт буруутгагдсан есөн цагдаагийн ажилтанд 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр цаазаар авах ял оноожээ.
Шүүгч энэхүү хэргийг "нийгмийн ухамсарыг цочроосон маш ховор тохиолдох харгис хэрэг" хэмээн тодорхойлж, гэмт этгээдүүдэд дээд хэмжээний ял оноохоос гадна хохирогчдын ар гэрийнхэнд 1.40 крор рупигийн нөхөн төлбөр олгох шийдвэр гаргасан байна.
Хэрэг явдал 2020 оны зургаадугаар сарын 19-ний өдөр Энэтхэг улсад КОВИД-19 цар тахлын хөл хорио тогтоосон байх үед эхэлжээ.
Сатанкулам хотын цагдаа нар гар утасны дэлгүүр ажиллуулдаг 58 настай П.Жаяраж болон түүний хүү 31 настай Ж.Бенникс нарыг хөл хорионы цаг хэтрүүлэн дэлгүүрээ нээлттэй байлгасан гэх шалтгаанаар саатуулсан байна. Саатуулагдсан эцэг, хүү хоёрыг цагдаагийн хэлтэст шөнийн турш хэрцгийгээр зодож, бие махбодын хүнд дарамт үзүүлсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.
Цагдаагийн харгислалын улмаас хүнд гэмтсэн хохирогчдыг Ковилпатти дахь хорих ангид шилжүүлсний дараа биеийн байдал нь огцом муудсан байна. Хүү Бенникс нь зургаадугаар сарын 22-нд, харин түүний эцэг Жаяраж маргааш өдөр нь эмнэлэгт нас баржээ.
Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Бенниксийн биед 13, Жаяражийн биед 17 гадна шарх сорви илэрсэн бөгөөд эдгээр нь мохоо зүйлээр олон удаа цохисноос үүдэлтэй болохыг баталсан юм. Энэхүү хэрэг нь тухайн үедээ Энэтхэг даяар олон нийтийн эсэргүүцлийг дагуулж байв.
Шүүхээс тухайн үеийн байцаагч, туслах байцаагч болон бусад зургаан цагдаагийн ажилтныг хүн амины хэрэгт буруутай гэж үзжээ. Хэрэгт холбогдсон арав дахь сэжигтэн болох туслах байцаагч нь мөрдөн байцаалтын шатанд буюу 2020 оны наймдугаар сард КОВИД-19 халдварын улмаас нас барсан байна. Төв мөрдөн товчоо (CBI) энэхүү хэргийг Мадрасын дээд шүүхийн шийдвэрээр хүлээн авч, олон нийтийн шаардлагаар нарийвчлан шалгасан юм.

Шүүгч шийдвэрээ танилцуулахдаа иргэдийг хамгаалах үүрэгтэй цагдаагийн ажилтнууд ийм жигшүүрт хэрэг үйлдсэн нь нийгэмд аюултай бөгөөд бүх насаар хорих ял нь хангалттай шийтгэл болж чадахгүйг онцолсон байна.
Энэхүү түүхэн шийдвэр нь цагдаагийн байгууллагын хариуцлагыг өндөржүүлэх, хүний эрхийг хамгаалах чиглэлд чухал ач холбогдолтой алхам боллоо гэж хуульчид үзэж байна. Цаашид ийм төрлийн хэрэг дахин давтагдахаас сэргийлэхэд энэхүү хатуу шийтгэл сануулга болно гэдгийг шүүх бүрэлдэхүүн тэмдэглэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.