Дональд Трамп Иранд дахин эцсийн хугацаа зааж дэд бүтцийг нь устгана гэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны засгийн газарт хандан эцсийн тулгалт хийж, 2026 оны 4 дүгээр сарын 7-ны мягмар гаргийн орон нутгийн цагаар 20:00 цагаас өмнө тохиролцоонд хүрэхгүй бол тус улсын дэд бүтцийг бүрэн устгахаа мэдэгдлээ.
Таван долоо хоног үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөнийг зогсоож, стратегийн ач холбогдолтой Ормузын хоолойг эргүүлэн нээх зорилготой энэхүү анхааруулгыг Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр зарласан юм. Ерөнхийлөгч Трамп хэлэхдээ "Бүх улс орныг нэг шөнийн дотор газрын хөрснөөс арчиж хаяж болно, тэр шөнө нь маргааш шөнө ч байж магадгүй" хэмээн онцлон тэмдэглэв.
Хэрэв заасан хугацаанд Ираны тал АНУ-ын шаардлагыг биелүүлэхгүй бол "Эрчим хүчний станц болон гүүрний өдөр" (Power Plant Day and Bridge Day) нэртэй дөрвөн цагийн цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөж байгааг Ерөнхийлөгч анхаарууллаа.
Энэхүү ажиллагааны хүрээнд Ираны бүх цахилгаан станц, гүүр зэрэг иргэний дэд бүтцийн чухал байгууламжуудыг бүрэн нураахаар заналхийлж байна. Цагаан ордны зүгээс энэ удаагийн хугацааг эцсийнх гэж үзэж байгаа бөгөөд дахин сунгахгүй гэдгээ хатуу мэдэгдсэн юм.
АНУ-ын хэлэлцээ хийгч Стив Виткофф болон Жаред Кушнер нар Тегеранаас хэд хэдэн тодорхой буулт шаардаж байна.
Үүнд, таван долоо хоногийн турш хаагдаад байгаа Ормузын хоолойг нэн даруй нээх, цөмийн хөтөлбөрөө бүрэн зогсоож, уран баяжуулалтыг эцэслэх, мөн бүс нутаг дахь зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжихээ зогсоох зэрэг багтаж байна. Хариуд нь, АНУ-ын зүгээс эдийн засгийн хориг арга хэмжээг цуцалж, иргэний эрчим хүчний салбарт тусламж үзүүлэх санал тавьжээ.
Ираны тал АНУ-ын дэмжлэгтэй 45 хоногийн гал зогсоох саналыг "АНУ-д хүчээ дахин нэгтгэх боломж олгосон түр зуурын зогсолт" гэж үзэн татгалзсан байна. Тегеран Пакистаны зуучлагчдаар дамжуулан 10 заалт бүхий хариу санал хүргүүлсэн бөгөөд үүндээ байлдааны ажиллагааг бүрмөсөн зогсоох, бүх хоригийг цуцлах болон дайны дараах сэргээн босголтын баталгааг шаарджээ. Түүнчлэн Ормузын хоолойгоор аюулгүй зорчих протоколыг санал болгосон ч цэргийн кампанит ажлыг бүрэн зогсоохыг урьтал болгож байна.
Бүс нутаг дахь хурцадмал байдал сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдсэн бөгөөд 4 дүгээр сарын 2-нд Ираны нутаг дэвсгэр дээр сүйрсэн F-15E сөнөөгч онгоцны хоёр нисгэгчийг АНУ-ын тусгай хүчин амжилттай аварсан нь Трампын засаг захиргаанд цэргийн давуу байдлаа харуулах боломж олгосон юм.
Мөн Израиль улс Ираны Асалуйе дахь хамгийн том нефть химийн үйлдвэрт цохилт өгч, Исламын хувьсгалт гвардийн тагнуулын албаны дарга, хошууч генерал Мажид Хадемиг устгасан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлээд байна.
Олон улсын хамтын нийгэмлэг, тэр дундаа Европын Холбоо иргэний дэд бүтцэд заналхийлж буйг эрс буруушааж байна.
Европын Холбооны тэргүүн Антонио Коста эрчим хүчний байгууламжуудыг онилох нь олон улсын хууль тогтоомжийн дагуу "хууль бус бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй" үйлдэл гэдгийг мэдэгдлээ. Одоогоор Иран улс Хайфа хот болон Кувейт, Бахрейн дахь эрчим хүчний дэд бүтцүүд рүү пуужингаар цохилт өгч хариу барьж байгаа нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ огцом өсөхөд нөлөөлж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.