“Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ

“Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ

“Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” нэгдсэн арга хэмжээний хүрээнд өнөөдөр Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эх ашгийг хамгаалах төв”-д “Эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, боломж” сэдэвт хэлэлцүүлэг болов.

Арга хэмжээг Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газар, “Үндэсний хөгжлийн хүрээлэн” УТҮГ  хамтран зохион байгуулж байгаа бөгөөд эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад чиглэсэн судалгаа, шийдлүүдийг нэгтгэн хэлэлцэх зорилготой юм.

067A3931

Арга хэмжээг нээж Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын дарга Л.Балчинлувсан үг хэлэхдээ хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх чиглэлд сүүлийн жилүүдэд тодорхой ахиц гарч байгааг онцоллоо. Тэрбээр, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв байгуулагдсанаас хойш төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа эрчимжиж, 100 гаруй аж ахуйн нэгжийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн, нийт 900 гаруй аж ахуйн нэгжийг хамруулсан үр дүн гарсныг дурдав. Судалгаанд суурилсан бодлого боловсруулах нь хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагааг оновчтой чиглүүлэх чухал хэрэгсэл болохыг онцлон тэмдэглэлээ.

067A3903

Хэлэлцүүлгийн хүрээнд Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Г.Дэнзэн “Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн судалгааны өнөөгийн байдал ба нөлөөлөл” сэдвээр илтгэл тавьж, судалгааны чанар, үр нөлөө нь бодлогын шийдвэр гаргалтад шууд нөлөөлдөг бөгөөд бодит өөрчлөлтөөр үнэ цэн нь хэмжигддэг болохыг онцлон танилцууллаа.

Мөн арга хэмжээнд оролцсон судалгааны байгууллагуудын төлөөлөл дараах сэдвүүдээр илтгэл тавьж, оролцогчидтой санал солилцлоо. Үүнд:

  • “Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал”,
  • “Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтэд тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга зам”,
  • “Монгол Улсын өрсөлдөх чадвар ба хөрөнгө оруулалт”,

Эдгээр илтгэлүүдээр дамжуулан эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, гол сорилтууд, цаашдын боломж, хөгжлийн чиг хандлагын талаар олон талт дүн шинжилгээ хийж, бодлогын түвшний санал, зөвлөмжүүдийг дэвшүүлэв.

067A3890

Үргэлжлүүлэн хөрөнгө оруулалтын бодлого, орчны асуудлын хүрээнд дараах чухал сэдвүүдийг хэлэлцэв. Үүнд:

  • Хөрш орнуудын хөрөнгө оруулалтын бодлого, туршлага,
  • Хөрөнгө оруулалтын бодлогын зангилаа асуудлууд,
  • Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал,
  • Монгол Улсын томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт,
  • Бүтээн байгуулалтын төслүүдийн хөрөнгө оруулалтын эрсдэл, түүнийг бууруулах арга зам,

Эдгээр хэлэлцүүлгээр дамжуулан бодлогын түвшинд тулгарч буй гол сорилтуудыг тодорхойлж, шийдвэрлэх боломжит хувилбаруудыг талууд хамтран хэлэлцсэн нь онцлог байлаа.

Тус арга хэмжээ нь эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад чиглэсэн судалгаа, бодлого, шийдлүүдийг уялдуулан хэлэлцэж буйгаараа ач холбогдолтой бөгөөд төр, судалгааны байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, судалгаанд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж байна.

24 2

Арга хэмжээнд төрийн байгууллага, судалгааны хүрээлэн, хувийн хэвшлийн төлөөлөл өргөнөөр оролцож, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр үр өгөөжтэй санал солилцлоо.

“Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” нэгдсэн арга хэмжээ нь 2026 оны 04 дүгээр сарын 06-аас 04 дүгээр сарын 10-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд дараагийн өдрүүдэд салбар бүрийн судалгаа, бодлогын асуудлыг хамарсан цуврал хэлэлцүүлэг, танилцуулгууд зохион байгуулагдана.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.