🔴Ц.Идэрбат: Махны үнийг тогтворжуулахад анхаарч ажиллана
Махны үнэ болон нийлүүлэлтийн нөхцөл байдалтай танилцах хяналт шалгалтын явцад зарим хүндрэлүүд ажиглагдсан байна. Жижиг дэлгүүрүүд хөргөгчийн багтаамжаас шалтгаалан нэг удаадаа 100-120 кг мах татан авдаг бөгөөд энэ нь 2-3 хоногийн дотор дуусдаг байна. Мөн нийлүүлэлт хариуцсан есөн аж ахуйн нэгжид шатахууны хомсдолоос үүдэлтэй тээвэрлэлтийн саатал гарч байгаа нь тогтмол нийлүүлэлт хийхэд хүндрэл учруулж байгааг салбарын сайд хэллээ.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат:
-Махны үнэ болон нийлүүлэлтийн бодит нөхцөл байдалтай танилцахаар томоохон худалдааны төвүүд болон гэр хорооллын дэлгүүрүүдэд ажиллалаа. Баянхошууны Баруун салаа, Зүүн салааны "Жинст" зэрэг дэлгүүрүүд болон "И-Март", "Номин" сүлжээ дэлгүүрүүдээр орж, махны борлуулалт, үнийн зохицуулалт амьдрал дээр ямар байгааг биечлэн үзэж сонирхлоо.
Зах зээл дээрх махны үнэ бэлтгэсэн арга хэлбэрээсээ хамааран харилцан адилгүй байна. Тухайлбал, фермерийн аж ахуйгаар тэжээж, хавар гаргаж буй махны үнэ 30 мянган төгрөгт дөхөж байгаа бол хувийн дэлгүүр, захуудад борлуулагдаж буй мах 25-26 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин нийслэлээс бэлтгэсэн нөөцийн махны хувьд хонь 13 мянга, үхэр 15 мянган төгрөгөөр борлуулагдаж байгаа.
Энэ жил нийслэлийн хэмжээнд 5 мянга гаруй тонн нөөцийн мах бэлтгэсэн. Одоогоор нийт 380 гаруй цэгээр дамжуулан иргэдэд худалдаалж, бэлтгэсэн махны гуравны нэг хувь нь борлуулагдсан үзүүлэлттэй байна. Хэрэглэгч болон худалдагч нарын зүгээс нөөцийн махны чанарт ам сайтай байгааг хэлсэн.
Цаашид ХХААХҮЯ болон Нийслэлийн ЗДТГ хамтран үлдэгдэл 3200 орчим тонн махны түгээлт, хүртээмжийг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллана. Төрөөс авч хэрэгжүүлж буй махны үнийн зохицуулалт цаасан дээрх тайлан төдий бус, иргэдэд бодитой хүрэх ёстой. Мөн нийлүүлэлтийн сүлжээг эрчимжүүлэх арга хэмжээ авахаа мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.