🔴Ж.Баттулга: ОХУ-тай байгуулсан тогтвортой үнийн гэрээ байгаагүй бол АИ-92 шатахуун 4000-5000 төгрөгт хүрэх эрсдэлтэй байсан
Шатахууны үнийн өсөлт ба зах зээлийн нөхцөл байдлын талаар эдийн засагч Ж.Баттулгатай ярилцлаа.
Эдийн засагч Ж.Баттулга:
-Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг ОХУ-аас импортолдог хэдий ч худалдан авах үнэ нь дэлхийн зах зээлийн жишиг үнээс шууд хамаардаг. Одоогийн байдлаар Монгол, Оросын Засгийн газар хооронд АИ-92 төрлийн шатахууны үнийг тогтвортой барих гэрээ байгуулсан нь стратегийн ач холбогдолтой. Харин бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ зах зээлийн жамаар хэлбэлзэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн.
Шатахуун импортлогч компаниудын борлуулалтын үнийн бүтцийг авч үзвэл, 70-80 орчим хувийг хилийн үнэ буюу гаднаас худалдан авч буй өртөг эзэлдэг. Үлдэх хэсэгт татвар, тээвэр, борлуулалт үйлчилгээний зардал багтдаг бөгөөд аж ахуйн нэгжүүдийн цэвэр ашиг ердөө 5-6 хувьтай байдаг. Иймд гадаад зах зээл дээрх үнийн өсөлтийг дотооддоо хүчээр тогтворжуулах нь туйлын хүндрэлтэй асуудал болоод байна.
Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс үүдэлтэй нийлүүлэлтийн шок нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийг хөөрөгдөж байна. Энэхүү нөхцөл байдал нь хоёр улсын харилцаанаас бус, олон улсын геополитикийн тогтворгүй байдлаас шалтгаалж байгаа тул мөргөлдөөн намжсан үед үнэ эргэн тогтворжих хүлээлттэй байна. Хэрэв ОХУ-тай байгуулсан тогтвортой үнийн гэрээ байгаагүй бол дотоодын зах зээл дээрх үнэ хөрш орнуудын адил буюу 4000-5000 төгрөгт хүрэх эрсдэлтэй байсан.
Цаашид үнийн огцом савлагаанаас хамгаалахын тулд дотооддоо боловсруулах үйлдвэртэй болох, нөөцийн савны багтаамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Мөн олон улсын санхүүгийн зах зээлийн арга хэрэгсэл болох "хеджинг" буюу үнэ хямд байх үед урьдчилсан гэрээ байгуулж нөөц бүрдүүлэх механизмыг ашиглах нь оновчтой шийдэл юм. Гэвч энэ нь дэд бүтэц, хууль эрх зүйн орчин болон улс төрийн түвшний зоримог шийдвэр, эрсдэл даах чадвар шаардсан ажил.
Шатахууны үнийн өсөлт нь Монгол шиг өргөн уудам нутагтай, авто тээврээс өндөр хамааралтай улсын хувьд инфляцад хүчтэй нөлөөлж, иргэдийн бодит орлогыг бууруулдаг гол хүчин зүйл болдог. Одоогоор валютын ханш харьцангуй тогтвортой байгаа нь үнийн өсөлтийн дарамтыг тодорхой хэмжээнд зөөлөлж байна. Гэсэн хэдий ч нийлүүлэлтийн шокоос үүдэлтэй энэхүү хүндрэлийг зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн зарчмаар даван туулахаас өөр сонголтгүй нөхцөлд байна хэмээв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.