Иранд унасан нисгэгчийг аврах АНУ-ын тусгай хүчний ажиллагаа хэрхэн явагдав?
АНУ-ын Агаарын цэргийн хүчний хурандааг Ираны нутаг дэвсгэрээс аврах 48 цагийн эрсдэлтэй ажиллагаа 2026 оны дөрөвдүгээр сарын 5-ны өглөө амжилттай дууссан талаар бид мэдээлсэн.
Тус улсын цэргийн түүхэн дэх хамгийн зоримог ажиллагааны нэгд тооцогдож буй энэхүү даалгаврыг Тэнгисийн цэргийн "SEAL Team Six" болон Тусгай ажиллагааны нисэхийн 160 дугаар хороо хамтран гүйцэтгэсэн байна.
2026 оны дөрөвдүгээр сарын 3-ны Баасан гарагт АНУ-ын "F-15E Strike Eagle" сөнөөгч онгоц Ираны баруун өмнөд хэсэгт сураггүй болсон юм. Онгоцны хоёр нисгэгч амжилттай шүхрээр буусан бөгөөд эхний нисгэгчийг долоон цагийн дотор аварсан бол зэвсэглэлийн системийн офицер, хурандаа цолтой нисгэгч 48 цагийн турш Ираны нутагт бүгсэн байна. Тэрээр Загросын нурууны 2100 гаруй метрийн өндөртэй ууланд нуугдаж, Ираны талаас амласан 60 мянган ам.долларын шагналаас зугтаж чаджээ.
Тагнуулын төв газар (CIA) аврах ажиллагааны үеэр Ираны Хувьсгалт гвардийг төөрөгдүүлэх зорилгоор хуурамч мэдээлэл тараах тактик ашигласан байна. Нисгэгчийг хуурай замаар тээвэрлэж байгаа мэт цуурхал тараах зуур АНУ-ын тусгай хүчин Ираны нутаг дэвсгэрт түр бааз байгуулж, ослын дохиогоор байршлыг нь тогтоожээ. Аврах ажиллагааны үеэр "A-10" болон "MQ-9 Reaper" төхөөрөмжүүд Ираны цэргийн цуваанд цохилт өгч, аюулгүй байдлыг хангасан байна.

Хэдийгээр АНУ-ын талаас хүний амь эрсдээгүй ч техникийн томоохон хохирол амсжээ. Ажиллагааны явцад "MC-130J" загварын хоёр тээврийн онгоц болон "Black Hawk" нисдэг тэрэгнүүд эвдэрч, нууц технологийг дайсны гарт алдахгүйн тулд АНУ-ын командлал тэдгээрийг газар дээр нь дэлбэлж устгах тушаал өгсөн байна. Мөн агаарын дэмжлэг үзүүлж байсан "A-10 Warthog" онгоц гэмтэл авч, нисгэгч нь Персийн буланд шүхрээр буусныг шуурхай аварчээ.
Одоогийн байдлаар аврагдсан хурандаа Кувейт дэх АНУ-ын цэргийн баазад эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь тогтвортой байна. Ерөнхийлөгч Трамп энэхүү ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлаад байгаа юм. Ираны тал энэхүү ажиллагааг тусгаар тогтнолд халдсан хэрэг гэж буруутгаж байгаа бол АНУ-ын тал дайны бүсэд байгаа цэргийн албан хаагчаа аврах зайлшгүй шаардлага байсан гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.