Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн "Зүүн Модон-Овоо" хэмээх газарт гарсан хээрийн түймрийг Онцгой байдлын байгууллагын алба хаагчид болон орон нутгийн иргэд хамтран бүрэн унтрааж дуусгалаа.
Дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 16:31 цагт гарсан уг түймэр нийт 35 мянган гектар талбайг хамарсан бөгөөд шуурхай ажиллагааны үр дүнд өнөөдөр өглөөний 06:00 цагт галыг бүрэн унтраасан байна.
Гал түймрийг унтраах ажиллагаанд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн алба хаагчид оролцлоо. Мөн Матад сумын мэргэжлийн анги болон орон нутгийн сайн дурын иргэд хүч нэмэгдүүлэн ажилласан юм. Нийт 44 хүн, найман техник хэрэгсэлтэйгээр 14 цаг орчим тасралтгүй тэмцсэний эцэст түймрийн тархалтыг зогсоож чаджээ.
Түймрийн голомтод ажилласан баг бүрэлдэхүүн дөрөвдүгээр сарын 5-ны үүрийн 04:35 цагт галыг хяналтдаа авч, улмаар өглөөний 06:00 цаг гэхэд бүрэн унтраасан тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Урьдчилсан байдлаар түймэрт өртсөн талбайн хэмжээг 35,000 гектар гэж тогтоогоод байгаа бөгөөд байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг нарийвчлан гаргахаар ажиллаж байна.

Хаврын хуурайшилт ихтэй, салхи шуургатай энэ үед хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. Оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд нийт 14 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдэж, 21,175 гектар талбай шатсан статистик мэдээ бий. Эдгээр түймрийн дийлэнх хувь нь иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэл буюу хүний хүчин зүйлээс шалтгаалан гарч байгааг албаныхан онцоллоо.
Ой хээрийн түймрийн аюултай үе эхэлсэнтэй холбогдуулан Дорнод, Сүхбаатар, Хэнтий зэрэг зүүн аймгуудын нутаг дэвсгэрт хяналт шалгалтыг чангатгаж байна. Улсын хэмжээнд 13 мянга гаруй бие бүрэлдэхүүн, 2000 орчим техник хэрэгсэл бэлэн байдалд шилжиж, эрсдэлтэй бүс нутгуудад эргүүл, хяналтын ажлыг эрчимжүүлээд байгаа юм. Иргэдийг ил задгай гал гаргахгүй байж, сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.