Долоон сартай нярайг буудаж хөнөөсөн этгээдүүдийг баривчилжээ
Нью-Йорк хотын Бруклин дүүргийн Ийст Виллиамсбург тэргэндээ унтаж явсан долоон сартай нярай буудуулж амиа алдсан эмгэнэлт хэрэг 2026 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр гарчээ.
Хэргийн газар болох Хамболдт болон Мур гудамжны уулзварт мопед хөлөглөсөн хоёр этгээд олны дунд гал нээх үеэр нэг сум охины толгойд туссан бол түүний хоёр настай ах нь суманд шүргүүлсэн ч амьд үлдсэн байна. Цагдаагийн газраас уг хэрэгт холбогдуулан 21 настай Амури Грин болон 18 настай Мэттью Родригес нарыг саатуулан шалгаж эхэлжээ.
Гал нээсэн этгээд болох Амури Гринийг хэрэг гарсны дараахан баривчилсан байна. Тэрээр хэргийн газраас зугтах үедээ унаж явсан мопедтойгоо өөдөөс ирж байсан автомашиныг мөргөж осолдон эмнэлэгт хүргэгдсэн хойноо баривчлагджээ. Гринийг гурван удаагийн хүн амины хэрэг, нэг удаагийн хүн амины хэргийг үйлдэхийг завдсан, мөн галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн зэрэг таван зүйл ангиар яллаж байна. Тэрээр шүүх хурал дээр өөрийгөө буруугүй гэж мэдүүлсэн ч цагдаа нарт өгсөн анхны мэдүүлэгтээ олны дунд байсан өөр хүнийг онилж байснаа хүлээн зөвшөөрчээ.
Хэргийн үеэр мопед жолоодож байсан 18 настай Мэттью Родригесийг Пенсильвани мужаас баривчилсан байна. Нью-Йорк хотын цагдаагийн газар (NYPD) болон АНУ-ын Маршалуудын алба хамтран эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны үр дүнд түүнийг дөрөвдүгээр сарын 3-ны өдөр саатуулжээ. Одоогийн байдлаар Родригесийг Нью-Йорк хот руу шилжүүлэн авчрах ажиллагааг хүлээж байгаа бөгөөд түүнд зохих ял шийтгэлийг оноохоор төлөвлөж байна.
Мөрдөн байцаалтын явцад уг хэргийг "Марси Хаус" болон "Бушвик Хаус" бүлэглэлүүдийн хоорондын маргаанаас үүдэлтэй гэж үзэж байгааг NYPD-ийн мөрдөх албаны дарга Жозеф Кенни мэдээллээ. Гэмт этгээдүүд охины аав, эсвэл тэр хавьд байсан өөр нэгэн этгээдийг онилсон байх магадлалтай бөгөөд долоон сартай нярай хүүхэд бүлэглэлүүдийн зөрчлийн золиос болсон байна. Охины ээж Лианна Чарльз-Мур буун дууг эхэндээ салют буудаж байна гэж андуурсан ч удалгүй охин нь шархадсаныг мэдсэн тухайгаа ярьжээ.
Нью-Йорк хотын дарга Зохран Мамдани энэхүү хэргийг "утга учиргүй, аймшигт эмгэнэл" гэж тодорхойлоод, хотын хэмжээнд галт зэвсгийн хүчирхийлэлтэй тэмцэх шаардлагатай байгааг дахин санууллаа. Цагдаагийн комиссар Жессика Тиш мөн адил гэгээн цагаан өдрөөр, хөл хөдөлгөөн ихтэй явган хүний зам дээр ийм хэрэг гарсанд цочирдож байгаагаа илэрхийлсэн юм. Орон нутгийн иргэд болон ар гэрийнхэн нь дөрөвдүгээр сарын 3-ны орой Каори охины дурсгалыг хүндэтгэн зул өргөж, ягаан өнгийн агаарын бөмбөлөг хөөргөсөн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.