Хятадад амьтны аймгийн хувьслын түүхийг өөрчлөх томоохон нээлт хийлээ
"Science" сэтгүүлд 2026 оны дөрөвдүгээр сарын 2-нд нийтлэгдсэн судалгаагаар БНХАУ-ын баруун өмнөд хэсгээс амьтны аймгийн хувьслын цаг хугацааг үндсээр нь өөрчлөх палеонтологийн ховор олдворууд илэрчээ.
Юньнань мужийн Жянчэн хотын ойролцоох "Жянчуань биота" (Jiangchuan Biota) хэмээх газраас олдсон эдгээр олдворууд нь Эдиакарын үеийн төгсгөл буюу 554-539 сая жилийн өмнөх үед хамаарч байгаа бөгөөд энэ нь нарийн бүтэцтэй амьтдын үүслийг өмнө нь тооцоолж байснаас дор хаяж 4 сая жилээр урагшлуулж байна.
Оксфордын их сургуулийн доктор Гаорон Ли болон дэд профессор Росс Андерсон, палеонтологич Фрэнки Данн нарын ахалсан олон улсын баг энэхүү судалгааг гүйцэтгэсэн байна.
Жянчуань Биотагаас олдсон олдворууд нь элсэн чулуун дээрх бүдэг мөр төдий бус, харин нүүрстөрөгчийн хальс хэлбэрээр маш сайн хадгалагдан үлдсэнээрээ онцлог юм. Энэхүү ховор тохиох "Кембрийн маягийн" хадгалалтын ачаар эрдэмтэд амьтдын хоол боловсруулах систем, тэмтрүүл, хөдөлгөөний эрхтэн, тэр байтугай мэдрэлийн тогтолцооны бүтцийг хоёр хэмжээст байдлаар нарийвчлан судлах боломж бүрджээ.
Судалгааны явцад нийт 700 гаруй сорьц илрүүлснээс 180 гаруй нь хоёр талт тэгш хэмт (bilaterian) амьтад байв. Эдгээрийн дотор сээр нуруутан амьтад, тэр дундаа хүн төрөлхтөний хамгийн эртний төрөл садан болох "Deuterostomes" бүлгийн төлөөлөгчид багтсан нь шинжлэх ухааны томоохон ололт болж байна. Мөн далайн ёроолд бэхлэгдсэн цилиндр хэлбэртэй "бүрээ хорхой" (Bugle Worms) болон алдарт "Dune" зохиолын аварга элсний хорхойтой төстэй амьтны олдвор зэрэг өмнө нь мэдэгдэж байгаагүй сонирхолтой төрөл зүйлүүд олджээ.

Энэхүү нээлт нь шинжлэх ухааны салбарт олон арван жилийн турш маргаан дагуулж байсан "чулуу ба цаг" (Rocks vs. Clocks) хэмээх зөрүүг арилгахад чухал үүрэг гүйцэтгэж байна.
Генетикийн "молекул цаг"-ийн тооцооллоор нарийн бүтэцтэй амьтад Кембрийн тэсрэлтээс хамаагүй өмнө үүссэн гэж таамагладаг байсан ч үүнийг батлах чулуужсан олдвор ховор байсан юм. Жянчуань биота нь Эдиакарын энгийн амьдрал болон Кембрийн үеийн нарийн төвөгтэй амьтдын хоорондох "алдагдсан холбоос" болж, хувьслын үйл явцыг бодитоор баталж өгч байна.
Кембрийн тэсрэлт гэгддэг 539 сая жилийн өмнөх үйл явдал нь гэнэтийн тэсрэлт бус, харин Эдиакарын үед аль хэдийн эхэлсэн байсан биологийн төрөлжилтийн оргил үе байсныг энэхүү нээлт нотоллоо. Жянчуань биотагийн олдворууд нь хавтгай биетэй Эдиакарын амьтад болон хөдөлгөөнт, нарийн бүтэцтэй амьтад зэрэгцэн оршиж байсан шилжилтийн үеийн экосистемийг харуулж байна. Энэхүү нээлт нь дэлхий дээрх амьдралын үүсэл, хөгжлийн талаарх бидний ойлголтыг шинэ шатанд гаргаж, цаашид палеонтологийн судалгааны шинэ чиглэлүүдийг нээх ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.