🔴 Э.Батшугар: Эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтад нарийвчилсан дата анализ хийж, алдагдал хаана гарч байгааг тогтооно

AI хөрвүүлсэн

Эрүүл мэндийн салбарыг удирдахаар томилогдож буй Э.Батшугар салбарын шинэчлэл болон цаашид баримтлах бодлогынхоо талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр эрүүл мэндийн салбарыг "эмнэлэг төвтэй" биш, харин "хүн төвтэй" салбар болгон өөрчлөх шаардлагатайг онцлоод, иргэд очер дараалалгүй, хүртээмжтэй, шуурхай үйлчилгээ авдаг тогтолцоо руу шилжих ёстойг дурдсан юм. Мөн ажлаа хүлээн авмагц салбарын санхүүгийн нөхцөл байдалд гүнзгий шинжилгээ хийж, суурь шинэчлэлийг эхлүүлэхээ илэрхийлэв.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: 

Монгол Улс 10 мянган хүнд оногдох орны тоогоор дэлхийд эхний аравт ордог атлаа өвөл бүр хүүхдүүд эмнэлгийн коридорт хэвтдэг асуудалд шүүжлэлтэй ханддаг. Энэ гажуудлыг арилгахын тулд салбарын асуудлыг сууриар нь харж, менежментийг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна. Ялангуяа эмч нарын цалин хөлс болон Эрүүл мэндийн даатгалын сангийн (ЭМД) зарцуулалтад санхүүч хүний хувьд нарийвчилсан дата анализ хийж, алдагдал хаана гарч байгааг тогтоохоор төлөвлөж байна. 

Төсвийн ил тод байдлыг хангах хүрээнд ЭМД-ын сан болон яамны зарцуулалтыг "шилэн" болгож, нэг төгрөг бүрийг Монгол хүний эрүүл мэндийн төлөө зориулдаг болгоно гэдгээ амлаж байна.  Мөн эрүүл мэндийн салбарыг олон улсын жишигт хүргэж, түргэн тусламжийн үйлчилгээг цаг алдалгүй ирдэг, иргэд заавал эмнэлэгт очихгүйгээр "E-Mongolia" платформоор дамжуулан цахимаар үйлчилгээ авдаг болох шинэчлэлийг эхлүүлнэ. 

Салбарын цахимжилтыг эрчимжүүлснээр эмнэлэг хоорондын дата интеграцыг сайжруулж, цаасан стори хөтөлдөг хоцрогдсон соёлыг халснаар шинжилгээний давхардлыг арилгаж, иргэд даатгалын сангаас үйлчилгээ авахдаа өөрийн халааснаас нэмэлт зардал гаргадаггүй бодит тогтолцоог бүрдүүлэхээр зорьж байна. Сайн менежер байж, ЭМД-ын сангийн үр ашгийг дээшлүүлснээр коридорт хэвтдэг асуудлыг цэгцлэх боломжтой" гэсэн юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.