🔴 Г.Дамдинням: Шатахууны нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана

AI хөрвүүлсэн

Шинээр бүрдсэн Засгийн газрын танхимын тухайд Г.Дамдинням сайд хэлэхдээ, Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд багаа бүрдүүлсэн бөгөөд шинэ танхим улс орны хөгжлийн төлөө тууштай ажиллах болно гэдгийг илэрхийллээ.

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: 

Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн шинэчлэгдэн батлагдаж, дахин Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар томилогдлоо. Улсын төсвийг бүрдүүлэгч гол салбарыг дахин тэргүүлэх болсондоо баяртай байна. Ерөнхий сайдын зүгээс дэлхий нийтэд үүсээд буй түлш, шатахууны хямралыг туршлагадаа үндэслэн хамтын хүчээр даван туулах чиглэл өгсөн. 

Дэлхий дахинд, тухайлбал Ойрхи Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан шатахууны нийлүүлэлт хүндэрч, Австрали, Индонез, Шри-Ланка, Өмнөд Солонгос, Япон зэрэг орнууд онцгой нөхцөл байдалд ороод байгаа энэ үед Монгол Улсын хувьд ОХУ-тай байнгын харилцаатай ажиллаж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад онцгой анхаарч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар АИ-92 бензиний 42 хоногийн, дизель түлшний нэг сар гаруйн нөөцтэй байгаа.

Цаашид шатахууны хадгалалт, нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр томоохон бүтээн байгуулалтуудыг хийж ажиллана. Энэ жилдээ багтаан 150 мянган шоо метр багтаамжтай агуулахыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд ирэх жил дахин 140 мянган тонны сав нэмэгдэнэ. Одоогоор нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар төмөр замын 1300 гаруй вагон цистернийг агуулах хэлбэрээр ашиглаж, өртөө зөрлөгүүд дээр байршуулаад байна.

Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд ойрын хоёр жилийн хугацаанд шатахуун хадгалах савны багтаамжийг үлэмж нэмэгдүүлж, 2028 он гэхэд 3-6 сарын стратегийн нөөцтэй болох зорилт тавьжээ. Ирэх жилийн өдийд гэхэд Монгол Улс 1-2 сарын нөөцөө бие даан хадгалах чадалтай болох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Хаврын тариалалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан газар тариалан эрхлэгчдийг хямд үнэтэй түлшээр хангах асуудлыг шийдвэрлэсэн. Манай яамнаас импортлогч аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр тариалалтад шаардлагатай 10 мянган тонн дизель түлшийг литр тутамд нь 3400 төгрөгөөр нийлүүлэхээр гэрээ байгуулан, татан авалтыг эхлүүлсэн. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.