🔴Л.Энх-Амгалан: Багш нарын цалингийн нэмэгдлийн маргааныг хамгийн түрүүнд шийдвэрлэнэ
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, шинээр байгуулагдах Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцлээ. Удирдах зөвлөлийн хурлын үеэр Ерөнхий сайд өөрийн бүрдүүлэх Засгийн газрын баг болон бүтцийн талаарх саналаа танилцуулж байгааг дурдлаа. Л.Энх-Амгалан Боловсролын сайдаар дахин томилогдохоор яригдаж буй бөгөөд салбарын хэмжээнд нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай зургаан гол асуудлыг тодорхойлж хэлэхдээ:
-Боловсролын салбарт зургаан томоохон шинэчлэлийг эрчимжүүлнэ. Үүнд:
Нэгдүгээрт, багш нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай.
Хоёрдугаарт, нэг хүүхдийг сургах хувьсах зардлын шинэ тогтолцоог сэргээж, эрчимжүүлэх нь хот, хөдөөгийн болон улсын, хувийн сургуулиудын ялгааг арилгах гол хөшүүрэг болно. Сүүлийн хоёр жил зогсонги байсан энэхүү шинэчлэлийг үргэлжлүүлснээр "Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль" байх зарчим хэрэгжих боломжтой.
Гуравдугаарт, багш бэлтгэх тогтолцооны шинэчлэлийг сэргээж, хамгийн шилдэг төгсөгчид багш болдог орчныг бүрдүүлэхээр төлөвлөж байна.
Дөрөвдүгээрт, нийслэлд тулгамдаж буй гурван ээлжтэй сургуулиудын асуудлыг энэ намар хотын даргатай хамтран шийдвэрлэнэ. Намайг анх ажлаа хүлээж авахад 60 гаруй байсан гурван ээлжтэй сургуулийг 5 болгож цөөлсөн, үлдсэн сургуулиудын асуудлыг цэцэрлэгийн сугалааг зогсоосонтой адил аргачлалаар шийдвэрлэнэ.
Тавдугаарт дээд боловсролын салбарт их, дээд сургуулиудын үндэсний эрэмбийг дахин зарлаж, сургуулиудын тоог цөөлөх, чанарыг сайжруулах бодлогыг үргэлжлүүлнэ. Түүнчлэн би Хөдөлмөрийн сайдаар ажилласан туршлагадаа үндэслэн боловсролын салбарыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах, мэргэжлийн болон техникийн боловсролын тогтолцоог салбар дундын уялдаатайгаар хөгжүүлэх нь чухал байгаа.
Зургаадугаарт орон нутгийн сургуулиудын барилга, засварын асуудлаар, тухайлбал Хөвсгөл аймгийн Цагааннуур, Ренчинлхүмбэ сумын сургуулиудын нөхцөл байдал нь тендер болон хууль хяналтын байгууллагын шалгалтаас шалтгаалан удааширсан эдгээр барилгын ажлыг яаравчлах, улсын хэмжээнд тендер нь гацсан 60-70 орчим сургуулийн асуудлыг цэгцлэх нь ойрын хугацааны төлөвлөгөөндөө оруулсан.
Мөн Боловсролын багц хуулийн хэрэгжилтийг хангах, "Мэдлээ" цахим сургуулийг орон даяар түгээх, хуурамч дүнгийн тогтолцоог халах зэрэг энэ зургаан том шинэчлэлийг бүрэн хийж чадвал салбарын тэгш бус байдал арилна гэж үзэж байна. Засгийн газрын бусад томилгооны тухайд Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд танхимаа бүрдүүлж байгааг тодотголоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.