🔴 Т.Доржханд: Эрчим хүчний салбарыг либералчилж, зах зээлийн зарчимд шилжүүлнэ
ХҮН намын Төлөөлөх зөвлөл хуралдаж, улс орны тогтвортой байдлыг хангах үүднээс хамтарсан Засгийн газарт ажиллах шийдвэр гаргалаа. Энэ хүрээнд Ерөнхий сайдтай зөвшилцөж, улс төрийн намууд эв нэгдлээ ханган, бүрэн бүрэлдэхүүнээрээ хамтран ажиллахаар болсныг УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд онцолсон юм. Тэрээр шинээр байгуулагдсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд ХҮН нам болон "Үндэсний эвсэл" багтаж, УИХ-д суудалтай таван нам хамтарсан мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон гэв.
УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд:
-Эрчим хүчний салбарт реформ хийж, бие даасан байдлыг хангах, цаашлаад эрчим хүч экспортлогч улс болох бодлого нь ХҮН намаас Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан гол зорилт. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбар хүнд нөхцөлд буюу "ёроолдоо" тулсан байгаа тул ХҮН нам эргэлзэж эмээхгүйгээр салбарын шинэчлэлийг эхлүүлж, ханцуй шамлан ажиллах болно.
Салбарын шинэчлэлийн хүрээнд эрчим хүчийг либералчлах, тархмал эх үүсвэрүүдийг бий болгох, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар зах зээлийн зарчимд шилжүүлэхээр төлөвлөж байна. Эрчим хүчний салбарын гол тулгамдсан асуудал нь инженерчлэлээс илүүтэй санхүү, өрийн сүлжээ болоод байгаа юм. Тиймээс тус салбарыг санхүүч, хөгжлийн эдийн засагч Б.Найдалаагаар удирдуулж, 35 жилийн турш төрийн монополд байсан салбарт өрсөлдөөн бий болгохоор зорьж байгаа.
Засгийн газраас дэвшүүлж буй "Чөлөөлье" санаачилгын хүрээнд ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг эрчимжүүлэхээр болсон. Иргэд болон аж ахуйн нэгжүүд нар, салхины эх үүсвэр ашиглах нөхцөлийг бүрдүүлж, лиценз болон бусад захиргааны саад бэрхшээлийг цуцлах замаар зах зээлийг нээлттэй болгох юм. Манай нам эдгээр ажлыг шуурхай гүйцэтгэж, 2028 оны сонгууль гэхэд иргэдэд бодит үр дүн үзүүлэх байр суурьтай байгаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.