🔴Н.Номтойбаяр: Шадар сайдаар ажиллах туршлага надад бий
Ерөнхий сайдаас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт “Үндэсний эвсэл”-д Засгийн газарт хамтран ажиллах албан ёсны санал ирүүлсний дагуу тэрбээр Монгол Улсын Шадар сайдаар ажиллана.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-“Үндэсний эвсэл”-ийн зөвлөл болон бүрэлдэхүүнд багтсан улс төрийн намууд уг саналыг хэлэлцээд, Засгийн газарт хамтран ажиллах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Энэ хүрээнд миний бие Монгол Улсын Шадар сайдын албан тушаалд ажиллахаар болж байна.
Миний хариуцах чиглэлд бүсчилсэн хөгжлийн бодлого, стандартчилал, хэмжил зүй, агаарын бохирдлыг бууруулах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадамжийн хөтөлбөр, “Шинэ хоршоо” хөдөлгөөн зэрэг нийт 11 чиглэлийн асуудал багтаж байгаа. Эдгээр нь Эдийн засгийн хөгжлийн яам, ХХААХҮЯ, Батлан хамгаалах яам болон хууль хүчний байгууллагуудтай нягт уялдаатай хэрэгжих шаардлагатай.
Миний хувьд өмнө нь Засгийн газарт дэд сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан. Мөн аюулгүй байдлын, тэр дундаа цэргийн байгууллагад есөн жил ажилласан туршлагатай. УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд тогтмол ажилласан нь энэ албан тушаалд үр дүнтэй ажиллах суурь болно гэж үзэж байна.
Улс төрийн нөхцөл байдлын тухайд МАН-ын дотоод эв нэгдэл хангагдаж, ойлголцолд хүрсэн гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Үүний үр дүнд Засгийн газар тогтвортой ажиллах орчин бүрдэж, талууд үл ойлголцолд цэг тавин хамтран ажиллахаар болсон.
Салбарын бодлогын хүрээнд “Шинэ хоршоо” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай ч гарсан алдаа, дутагдлыг засч сайжруулах хэрэгтэй гэж үзэж байна. Мөн Онцгой байдлын албаны техник хэрэгсэл, хувцас, багажийн хангалтыг нэмэгдүүлэх, албан хаагчдын даатгал, нийгмийн баталгааг сайжруулах асуудалд онцгой анхаарна. Эдгээр албан хаагчид бусдын амь насыг аврахын тулд өөрсдөө эрсдэлд ордог учраас даатгалын тогтолцоог сайжруулах зайлшгүй шаардлагатай.
УИХ-ын даргын томилгооны тухайд С.Бямбацогтыг боломжийн хүн гэж харж байгаа. Бид өмнө нь хамтран ажиллаж байсан туршлагатай. Цаашид УИХ-ын дарга улс төрийн зөрчлөөс ангид байх эрх зүйн орчин бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.