УИХ-ын шинээр сонгогдсон дарга: "Би энэ суудлыг дараагийн албан тушаалд хүрэх шат гишгүүр болгохгүй"

Монгол Улсын Их Хурлын шинээр сонгогдсон дарга чуулганы нэгдсэн хуралдааны индэр дээрээс ард иргэд болон нийт гишүүдэд хандан үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ парламентын засаглалыг бэхжүүлэх, хууль дээдлэх ёсыг сахиулах, гишүүдийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр тууштай ажиллахаа илэрхийлэв.

Парламентын мөн чанар ба хариуцлага

УИХ-ын дарга хэлсэн үгэндээ "Улсын Их Хурлын даргын үүрэг нь ард түмнийг төлөөлөх эрхээр баталгаажсан парламентат ёсны эрхэм чанарыг хэрэгжүүлэхдээ төв, голч, тэнцвэртэй байр суурийг баримтлан, хууль дээдлэх ёсыг хүндэтгэн сахиулахад оршино" хэмээн онцоллоо. Мөн тэрээр энэхүү хариуцлагатай албан тушаалыг улс төрийн дараагийн шатны гишгүүр болгон ашиглахгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдсэн юм.

Гишүүдийн ёс зүй ба сахилга бат

Тэрээр УИХ-ын гишүүдийн үүрэг хариуцлагын талаар дараах гол чиглэлүүдийг баримталж ажиллахаа мэдэгдэв:

  • Хууль ёсыг чанд сахих, сахилга, дэг журмыг бэхжүүлэх;
  • Хариуцлагатай, ёс зүйтэй парламентыг төлөвшүүлэх;
  • Ажлаа хийдэггүй, хурал тасалдаг, ёс зүйгүй авирладаг гишүүдэд хариуцлага тооцох;
  • Үзэл бодол, нам эвслээр алагчлахгүйгээр төрийн түшээдээ дэмжиж ажиллах.

"Монголын хууль гурав хоног" гэх хандлагыг өөрчилнө

Өнөөгийн нийгэмд хууль батлаад мартдаг зуршил тогтсоныг шүүмжилж, "Монголын хууль гурав хоног" гэх ойлголтыг халах цаг болсныг тэрээр сануулав. Хууль засаглахын тулд баталж буй хууль өөрөө хэрэгжихүйц, хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан байх ёстойг онцлон тэмдэглэлээ.

Эдийн засаг ба үндэсний аюулгүй байдал

Дэлхийн улс төр, эдийн засгийн ээдрээтэй нөхцөл байдал манай улсын нийгэм, эдийн засагт нөлөөлж эхэлснийг дурдаад, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхаа бэхжүүлж, урьтаж мэдэх, тосож бэлдэх, тэсэж давах стратегийг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатайг УИХ-ын дарга анхаарууллаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.