ОХУ-ын Ульяновск мужид зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч 23 хүн бэртжээ
ОХУ-ын Ульяновск мужийн нутаг дэвсгэрт Челябинск-Москва чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, осолдсон хэрэг гарлаа.
2026 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн өглөөний 06:26 цагт Бряндина өртөөний ойролцоо гарсан уг ослын улмаас нийт долоон вагон замаасаа гарч, зарим нь хажуугаараа унасан байна. Тухайн үед галт тэргэнд 410 гаруй зорчигч зорчиж явсан бөгөөд азаар хүний амь нас эрсдээгүй байна.
Ослын улмаас одоогийн байдлаар 23 хүн бэртэж гэмтсэн бөгөөд тэдний дунд дөрвөн хүүхэд байгааг албаны эх сурвалжууд мэдээлэв. Гэмтсэн иргэдийн ихэнх нь зөөлөн эдийн гэмтэл, няцралт авсан бол хоёр зорчигчийн биеийн байдал харьцангуй хүнд буюу яс хугарсан оноштойгоор эмнэлэгт хүргэгджээ. ОХУ-ын Төмөр замын газар (РЖД) болон орон нутгийн засаг захиргаанаас мэдээлснээр ослын үеэр амь насаа алдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
ОХУ-ын Мөрдөн байцаах хорооноос төмөр замын аюулгүй байдал болон ашиглалтын журам зөрчигдсөн эсэхийг тогтоохоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Одоогоор тухайн чиглэлийн төмөр замын хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоосон бөгөөд зорчигчдыг хүрэх газарт нь хүргэхээр нэмэлт галт тэрэгнүүдийг зохион байгуулж байгаа аж. РЖД-ийн ерөнхий захирал Олег Белозеров ослын шалтгааныг тогтоох шуурхай штабыг удирдан ажиллаж байна.
Галт тэрэг замаасаа гарсан тодорхой шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд техникийн саатал эсвэл хүний хүчин зүйл нөлөөлсөн эсэхийг нарийвчлан шалгаж байна. Сэргээн босголтын ажил дуустал тухайн бүс нутгийн төмөр замын тээвэр саатах төлөвтэй байгаа тул зорчигчдыг бусад төрлийн тээврийн хэрэгслээр зөөвөрлөх ажил үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.