🔴С.Бямбацогт: УИХ-ын даргыг нам бус байлгах хууль батлагдвал хэрэгжүүлэхэд бэлэн
УИХ-ын гишүүн С.Бямбацогт ХҮН намын зөвлөлийн урилгаар тус намын хуралд оролцож, хамтарсан Засгийн газрын талаар санал солилцжээ. Хамтарсан Засгийн газрын хувьд хариуцлагаа хамтдаа үүрч, ХҮН намаас томилогдсон сайд нарын бодлого, шийдвэрт хүндэтгэлтэй хандахыг хүссэн байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-УИХ-ын гишүүдийг ажлын хэсэгт ажиллах боломжоор тэгш хангах шаардлагатай. Өмнө нь олонхын гишүүдэд давуу байдал олгодог байсан алдааг засаж, хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа мэргэжлийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулдаг зарчимд шилжих ёстой. Ингэхдээ намын харьяалал харгалзахгүйгээр мэргэшсэн, чадвартай гишүүдийг ажлын хэсэгт жигд оролцуулах байр суурийг ХҮН намын бүлгийнхэн илэрхийллээ.
УИХ-ын даргыг нам бус байлгах тухай хууль батлагдвал УИХ-ын дарга нь намын бодлогоос ангид байж, парламентын зөвшилцлийг хангах, сөрөг хүчний дуу хоолойг хязгаарлахгүй байх үүрэг хүлээнэ. Би аливаа асуудалд улс төржихгүй, улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг зарчимтай. Хууль батлагдвал түүнийг хэрэгжүүлэхэд бэлэн байна.
Ажил тасалдаг гишүүдэд цалингийн шийтгэл ногдуулах, байнгын хороо болон ажлын хэсгийн хурлаа тасалдаг гишүүнийг бүрэлдэхүүнээс нь гаргаж, дараагийн ажиллах хүсэлтэй гишүүнд боломж олгох зэрэг хатуу зохицуулалтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэлээ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.