Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Х.Баасанжаргал нар асуулт асууж, Б.Пүрэвдорж гишүүн болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авсан юм.
Хуурамч шатахуун хэмээн нэрлэгдээд буй химийн нэгдлийн нөлөөллийн талаарх мэргэжлийн байгууллагаас тодруулсан гишүүний асуултад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай хариулахдаа “Монгол Улсад Евро-2, Евро-3, Евро-4, Евро-5 стандартын авто бензинийг хэрэглэх боломжтой. Евро-2 стандартын авто бензин нь 500 ppm, Евро-2 стандартын дизель түлш 2000 ppm хүхрийн хүчил агуулдаг. Евро-5 стандартын дизель түлш 10 ppm хүхрийн тоосонцор агуулдаг бол дайвар бүтээгдэхүүнүүдийг хольсон хуурамч гэгдэж буй шатахуун нь 5000-6000 ppm, үүнээс ч их хэмжээний хүхрийн тоосонцор агуулдаг учраас хүрээлэн буй орчин, хүний бие эрүүл мэндэд хортой гэж үздэг. Эдгээрийг дахин боловсруулахад маш өндөр хэмжээний зардал өртөгтэй байдаг учраас хямд үнээр борлуулдаг тул дотоодын зарим компани импортлон, хямд өртгөөр шаардлага хангахгүй бүтээгдэхүүн болгоод дизель түлш, авто бензиний үнээр зах зээлд худалдаалан өндөр ашиг олж байна. Энэ нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортойгоос гадна эдийн засгийн агуулгаар татваргүй импортолдог учраас стандартад нийцсэн бүтээгдэхүүний өрсөлдөх боломжийг хязгаарлдаг” гэлээ. Үүний зэрэгцээ манай улсад газрын тосны бүтээгдэхүүнийг боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй хоёр аж ахуйн нэгж байдгийг хэлэв.
Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг үндэслэн хүчингүй болгосон асуудлыг дахин хуульчлахаар төсөл боловсруулж, хэлэлцэж буйг тэмдэглээд энэ нь зөрчил үүсгэх, эрх зүйн үр дагаварын талаар тодруулан хариулт асван. Төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буй эсэхээ илэрхийлж, үг хэлэх шаардлагагүй хэмээн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул санал хураалт явуулав. Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 103 гишүүний 60 нь буюу 58.3 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.