🔴 Т.Дөлгөөнтамир: Э.Бат-Амгалан ямар нүүрээрээ дахин сайд болохоор "гүйж" явна вэ
"Зэс эрдэнийн хувь" ХК-ийн хувьцаа эзэмшигчид болон ажилчдын төлөөлөл УИХ-ын гишүүн Э.Бат-амгалан болон түүний төрсөн дүү Э.Батбаяр нартай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, тэмцлийн дараагийн шатанд шилжиж байгаагаа зарлалаа. Тус компанийн зүгээс 70 орчим тэрбум төгрөгийг хувьдаа завшиж, компанид их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагад хандаад 40 гаруй хоног, Төв талбайд жагсаал зохион байгуулаад 35 хоног өнгөрч байгаа юм.
Жагсагчдын зүгээс УИХ-ын гишүүн Э.Бат-амгаланг эрх мэдлээ ашиглан хууль хяналтын байгууллага болон шүүх засаглалд нөлөөлж байна гэж үзэж байна. Түүнчлэн өчигдөр сошиал орчинд тархсан "Зэс эрдэнийн хувь" компанийн бараа бүтээгдэхүүнийг нуусан, газар булсан гэх мэдээллийг "театрчилсан жүжиг" хэмээн няцаалаа. Энэхүү үйлдлийг гишүүн өөрийнхөө бусармаг үйлдлийг хаацайлахын тулд зохион байгуулсан тоглолт бөгөөд үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, ажилчдыг цалин орлогогүй болгож байгаад гомдолтой байгаагаа илэрхийлэв.
Хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл болох Т.Дөлгөөнтамир хэлэхдээ, "Бид АТГ болон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад албан ёсны хүсэлтүүдээ хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл АТГ-аас тодорхой хариу ирүүлээгүй байна. Энэ нь хөшигний ард улс төрийн нөлөөлөл орж байгаагийн илрэл. УИХ-ын гишүүн хүн Төрийн ордонд бодлого ярихын оронд хувийн шинжтэй, боловсролгүй бүдүүлэг мэдээлэл хийж байгаа нь харамсалтай. Бид ирэх даваа гарагаас эхлэн Төв талбайд өлсгөлөн зарлахаар шийдвэрлэсэн. Одоогоор 42 хүн нэрсээ өгөөд байна" гэлээ.
Ярилцлагыг видео хэлбэрээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу
Мөн тус компанийн дотоод асуудалтай холбоотой ноцтой баримтуудыг дэлгэв. Тодруулбал, Чинбат гэх хүн 300-400 орчим хувьцаа эзэмшигчийг хуурч мэхлэн хувьцааг нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан асуудлыг АТГ-т шалгуулахаар болжээ. Түүнчлэн ТУЗ-ийн зарим гишүүд болон хамаарал бүхий этгээдүүд их хэмжээний мөнгөн хахууль авч, компанийн үйл ажиллагааг зориуд саатуулж, дампууруулах замаар өөр компани байгуулан овоолгыг ашиглахаар төлөвлөж байгаа баримтууд байгааг онцоллоо.
Үйлдвэрийн ахлах ажилтан н.Анхбаярын мэдээлснээр, жилд 10 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр өнөөдөр шүүхийн шийдвэрээр лацдуулан зогсоод байна. Үйлдвэр зогссоноор өдөр бүр асар их хэмжээний алдагдал хүлээж, ажилчид хохирч байгааг тэрээр хэлэв. "Беди" компанитай байгуулсан ашиггүй гэрээнүүдээс болж зэсээ зарах тусам өрөнд орж байгаа эмгэнэлтэй нөхцөл байдал үүссэнийг ч мөн дурдлаа.
Жагсагчид Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга Н.Учралд хандан, олон мянган иргэнийг хохироож, 70 тэрбум төгрөгийн асуудалд холбогдсон Э.Бат-амгаланг намаас хөөж, УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татахыг шаардаж байна. Тэд үнэний төлөө эцсээ хүртэл тэмцэх бөгөөд үйлдвэрээ нээж, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх хүртэл буцахгүй гэдгээ мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.