🔴 Ц.Туваан: Дайн ирэхээр дариа нухна гэдэг нь болж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шатахууны онцгой албан татварыг тэглэх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан салбарын тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр бид "дайн болохоор дариа нухна" гэгчээр асуудал хүндэрсэн хойно арга хэмжээ авч байгааг шүүмжилж, шат шатандаа улс төржсөөр өнөөдрийн ийм байдалд хүрснийг онцлов.
Гишүүн Ц.Туваан хэлэхдээ, газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилт болон бусад төслүүдийг УИХ, Засгийн газрын түвшинд хэт улс төржүүлж гацаасны горыг өнөөдөр ард иргэд амсаж байна гэлээ. Ялангуяа эрчим хүч, хүнс, шатахуун зэрэг стратегийн чухал салбарт улс төржилтөө зогсоож, асуудлыг углуургаар нь шийдвэрлэх боломжоо алдсаар байгааг анхаарууллаа.
Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг оруулж ирэхэд "Чингис хаан олон улсын нисэх буудлыг өгөх гэж байна" гэх мэтээр хардаж, цаг алдсанаас болж өнөөдөр ОХУ-тай хэлэлцээ хийх хөзөргүй, төрийн өндөрлөгүүд болон салбарын сайд нар нь "гуйлга" гуйх хэмжээнд хүрч байгааг хэлэв. Тэрбээр "Бид дэндүү удаан байна. Эрчим хүч, шатахуунтай холбоотой асуудлаа дахин улс төржмөөргүй байна" гэсэн юм.
Энэхүү яриаг видео хэлбэрээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу
Шатахууны үнийн өсөлт орон нутагт хүндээр тусаж байгааг тэрбээр жишээ татан хэллээ. Тухайлбал, Дорнод аймагт дизель түлшний жижиглэнгийн үнэ 3800 төгрөг давж, үүнийг дагаад мах, ноос ноолуур болон өргөн хэрэглээний барааны үнэ өсөх эрсдэл үүсээд байна. Ялангуяа хаврын тариалалтын үеэр тариаланчдад хямд түлш нэн шаардлагатай байгааг сануулж, энэ асуудлыг "ниргэсэн хойно нь хашхирах" байдлаар шийдэж болохгүйг анхааруулав.
Мөн дотоодын газрын тосны олборлолт эрс буурсанд тэрбээр шүүмжлэлтэй хандлаа. 2012-2013 оны үед 1.1 сая тонн газрын тос олборлож байсан бол өнгөрсөн онд 460 мянган тонн, энэ жил 360 мянган тонн болж, бараг гурав дахин буурахаар байгаа нь салбарын эсрэг явуулсан улс төржилтийн үр дүн гэж үзэж байна.
Засгийн газарт гаалийн албан татварыг зохицуулах эрх олгосноор автобензиний үнэ литр тутамдаа 150-230 төгрөг, дизель түлш 250 орчим төгрөгөөр буурах боломжтой гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлсэн. Энэхүү зохицуулалтыг дэмжиж байгаа ч татвар хураамж багассанаар улсын төсөвт ачаалал ирж, бүсээ чангалах шаардлага дахин тулгарч байгааг Ц.Туваан гишүүн санууллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.