🔴 О.Цогтгэрэл: УИХ-ын даргыг хэлэлцүүлэггүйгээр томилох хууль нь парламентын зарчимд нийцэхгүй байна
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл УИХ-ын даргыг сонгох үйл явц болон холбогдох хуулийн зохицуулалтын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр өнгөрсөн оны төгсгөлд өргөн барьсан хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэх бүрэн боломжтойг онцлоод, энэ нь УИХ-ын дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудал тул бусад байгууллагаас санал авах шаардлагагүй, шуурхай шийдвэрлэх боломжтой гэлээ.
О.Цогтгэрэл хэлэхдээ, "2024 оны тавдугаар сард олонхоороо хүч түрэн баталсан хуулиар УИХ-ын даргыг хэлэлцүүлэггүйгээр томилохоор заасан нь парламентын зарчимд нийцэхгүй байна. УИХ бол угтаа бүхий л асуудлыг тал бүрээс нь хэлэлцэж, ойлголцдог талбар байх ёстой. Гэтэл ийм чухал албан тушаалтныг хэлэлцүүлэггүй баталдаг жишиг тогтоож болохгүй. Гишүүн Х.Тэмүүжингийн өргөн барьсан хуулийн төсөлд ч энэ талаарх заалтууд туссан байгаа" гэлээ.
Мөн өмнөх гашуун туршлагуудыг сануулж, асуудлыг хүч түрэн шийдэж, дэг зөрчин томилогдсон хоёр ч спикер албан тушаалаасаа огцорсныг дурдав. Одоо гурав дахь томилгоог хийх гэж буй энэ үед хувь хүн рүү чиглэхээс илүүтэй зарчмын асуудлыг ярьж, Монголын парламентыг олон улсын жишиг, зөв голдиролд нь оруулах нь чухал байгааг сануулав.
УИХ-ын даргын томилгооноос болж ажил гацах ёсгүй. УИХ-ын дэд дарга хурлыг удирдаж, Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэх боломжтой тул үйл ажиллагаа саатах үндэслэлгүй гэж үзэж байна.
Ардчилсан намын бүлгээс авсан нэг хоногийн завсарлагын хугацаанд тавьсан шаардлагынхаа хариуг хүлээж байгаа бөгөөд хэрэв шаардлагыг хүлээж авахгүй бол дараагийн алхам, шийдвэрээ бүлгийн хурлаар хэлэлцэж гаргахаа мэдэгдлээ.
Сэтгэгдэл (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.