🔴 Х.Булгантуяа: Намайг "Төрийн эрхийг хууль бусаар барьсан" гэж шинэ цагийн хэлмэлтүүлэлтэд оруулсан
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа намын дотоод эв нэгдэл, парламентын шинэ соёл болон өөрт нь тулгаад буй эрүүгийн хэргийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр МАН-ын түүхэнд "32 болон 33-ын бүлэг" гэж хуваагдаж байсан үеийг сануулаад, тухайн үед намын дарга У.Хүрэлсүх манлайлал үзүүлж, энэхүү хагарлыг илааршуулж чадсанаар дараагийн сонгуулиудад ялалт байгуулах үндэс болсон гэв. Өнөөдрийн нөхцөл байдалд ч намын удирдлагаас ийм хэмжээний манлайлал, улс төрийн зоригтой алхмуудыг хүлээж байгаагаа илэрхийлсэн юм.
Өнөөдрийн парламент таван намын төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй болсон нь ажлын арга барилыг өөрчлөх зайлшгүй шаардлагыг бий болгож байгааг Х.Булгантуяа гишүүн онцоллоо. Өмнөх парламентуудад МАН үнэмлэхүй олонх байж, сөрөг хүчингүй шахам ажиллаж сурсан арга барилаараа өнөөдөр ажиллах боломжгүй болсон. УИХ-ын дарга гэдэг нь "дарга" гэхээсээ илүүтэй олон намын төлөөллийг тэгш хангаж, микрофон хуваарилдаг, хурлын дэг журмыг зохицуулдаг "спикер"-ийн үүргийг гүйцэтгэх ёстой гэсэн АН-ын шаардлагыг тэрээр зөв зүйтэй алхам гэж үзэж байна.
"Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан" гэх хэргийн "ямар ч үндэслэлгүй улс төрийн явуулга" гэж үзэж байгаа гэлээ. Тухайн үед УИХ-ын дэд даргын албыг хашиж байсан хүний хувьд өөрийн ажиллаж буй байгууллагынхаа эрхийг хууль бусаар авах гэсэн гэх логик нь утгагүй бөгөөд Эрүүгийн хуулийн тайлбараар энэ төрлийн гэмт хэрэг нь сонгуулийг хууль бусаар зохион байгуулах эсвэл цэргийн хүчээр төрийн эрхийг авах зэрэг үйлдлийг хэлдэг аж.
Улс төрийн үзэл бодлоо илэрхийлсэн, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд шүүмжлэлтэй хандсан гишүүдийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж, хилийн хориг тавьж буйг Х.Булгантуяа "Шинэ цагийн хэлмэгдүүлэлт" хэмээн нэрлэв. Тухайлбал, Засгийн газрын бүтэц дээр зарчмын санал хэлсэн Э.Болормаа гишүүн болон бусад гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж байгаа нь ардчилсан улсад байж боломгүй үзэгдэл бөгөөд энэ нь Монгол Улсын ардчиллын индексийг ухраах аюултайг анхаарууллаа.
Намын дотоод "зодоон" хэрээс хэтэрч, улс орны өмнө тулгамдсан геополитик, эдийн засгийн чухал асуудлуудыг хэлэлцэх парламентын үйл ажиллагааг гацааж байгаад тэрээр харамсаж байна. Гишүүд сайд, дарга болох гэж бус, зөвхөн салбар салбарынхаа хууль тогтоомжийг сайжруулж, иргэдийн хүлээж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд тайван ажиллахыг хүсэж байгаа гэлээ.
Түүнийг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх тухай яригдаж буй асуудалд "Албан ёсоор мэдэгдсэн зүйл байхгүй" гэх хариултыг өгөв. Намын дүрмийн дагуу гишүүнчлэлээс хасах, түдгэлзүүлэх асуудлыг Хяналтын ерөнхий хороо эцэслэн шийдвэрлэдэг бөгөөд энэ нь нарийн дэг журамтай харилцаа гэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.