🔴С.Бямбацогт: УИХ-ын даргын албан тушаалыг дараагийн улс төрийн шат дамжлага болгохгүй
МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Монгол Улсын Их Хурлын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэлээ.
Тэрбээр 2008 оноос хойш Ховд аймаг буюу баруун бүсээс тасралтгүй таван удаа сонгогдон ажиллаж байгаа туршлагатай парламентч юм. Түүний хувьд өмнө нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны даргын албыг хашиж байсан бөгөөд энэхүү туршлага нь парламентын үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад гол үндэслэл болсныг намын дарга онцолжээ.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:
-Дэлхий нийтийн геополитик, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед монгол төрийн ажил тасралтгүй, тогтвортой явах ёстой. Таван намын суудалтай болсон шинэ парламентыг зөвшилцөл, ойлголцлын талбар болгож, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль тогтоомжуудыг шуурхай батлахад анхаарч ажиллана.
Мөн МАН-ын бүлгийн 68 гишүүний дунд үүсээд буй үл ойлголцлыг арилгаж, нэгдмэл байр суурьтай болгох нь нэн тэргүүний зорилт байх болно.
Улс төрийн талцал эдийн засгийг доройтуулж, ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс гишүүдийн эв нэгдлийг хангахдаа цөөнхийн байр суурийг хүндэтгэлтэйгээр сонсож, хувийн болон намын эрх ашгаас илүүтэй улс орны нийтлэг эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлж ажиллана. УИХ-ын дарга нам бус байх тухай асуудлыг хуульчлан баталсан тохиолдолд намаас түдгэлзэх боломжтой.
Мөн "Баялагтаа эзэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд стратегийн ордуудын өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх хэлцлүүдийг үргэлжлүүлж, байгалийн баялгийн үр шимийг 3.5 сая иргэн бүрт тэгш хүртээх эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарлаа хандуулана.
УИХ-ын даргын албан тушаалыг дараагийн улс төрийн шат дамжлага болгохгүй. Тиймээс миний бие 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэлээ.
Төгсгөлд нь, төрийн үйл ажиллагаа нэг ч минут саатах ёсгүй тул УИХ-ын удирдлагыг яаралтай томилж, эдийн засгийн эрсдэлтэй нөхцөл байдлыг даван туулахын тулд гишүүдийг өргөсөн тангарагтаа үнэнч байхыг уриаллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.