МИАТ түлшний эрсдэлийн хураамжаас хамаарч билетийн үнийг 5-11 хувиар өсгөнө
Ойрхи дорнодод болж буй мөргөлдөөнөөс үүдэн Иран улс Дэлхийн түүхий нефтийн 20 орчим хувийг тээвэрлэдэг Хормузын хоолойг хааснаар хоёрдугаар сарын 27-нд баррель нь 73 ам.доллар байсан Брент төрлийн түүхий нефтийн үнэ өнөөдрийн байдлаар 115 ам.доллар болоод байна.
МИАТ компанийн үндсэн чиглэлийн нэг болох Франкфурт хотын нисэх буудлын түлшний үнэ хоёрдугаар сарын дунджаар тонн тутамд 903 ам.доллар байсан бол өнөөдрийн байдлаар 1821 ам.доллар болж хоёр дахин нэмэгдээд байна.
Мөн онгоцны түлшний судалгаа нийтэлдэг ИАТА-ийн мэдээгээр тонн нь дэлхийн дунджаар 750-800 ам.доллартай байснаас 1555.68 ам.доллар болж өсжээ. МИАТ ТӨХК-ийн үйл ажиллагаа идэвхитэй явуулдаг Ази тивд 1619 ам.долларын дундажтай байхаар тооцоолол гаргасан байна.
Түлшний үнэ нь МИАТ ТӨХК-ийн үйл ажиллагаа хэвийн үед нийт зардлын 30 орчим хувийг эзэлдэг байсан бол ийнхүү өссөнөөр 45 хувь хүртэл өсч, компанийн тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй түвшинд ирээд байна.
Монголчуудын түгээмэл үйлчлүүлдэг Korean Air, Japan Airline, Qatar Pacific компаниуд түлшний эрсдэлийн хураамжийг ойролцоогоор 2-3 дахин нэмээд байна
Харин МИАТ ТӨХК-ийн хувьд үндсэн тариф нэмэгдээгүй ч түлшний эрсдэлийн хураамж чиглэлээс хамааран харилцан адилгүйгээр нэмэгдэж, билетийн үнийг Ази тивийн орнуудын нислэгт 5-7 хувь, Европын орнуудын чиглэлд 10-11 хувиар өсгөхөөр байгааг тус компаниас мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.