ТТАХНЭ-ийн төвийн эрхлэгч Б.Буянжаргалыг албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцов
Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ийн Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Буянжаргалд холбогдох хэргийг Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тэрбээр албан тушаалаа урвуулж, тус эмнэлгийн төлбөрт тусламж, үйлчилгээний журмыг зөрчин үйлчлүүлэгсдийн 9.3 сая төгрөгийг хувьдаа авсан хэрэгт холбогдсон юм.
Тодруулбал, ТТАХНЭ-т эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан нэгэн ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчдын, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагчдын, ДХИС-д элсэгчдийн үзлэгийн төлбөрийг “Байгууллагын дансанд тушаана” хэмээгээд өөр хүмүүсийн банкны дансаар шилжүүлэн хувьдаа авсан хэрэгт буруутгагджээ.
Тэрбээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулж байхдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэх хүсэлт гаргаснаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж, дээрх шүүхэд шилжүүлсэн юм.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад учруулсан 9.3 сая төгрөгийн хохирлоо ТТАХНЭ болон АТГ-ын дансанд тушаасан аж
Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс Б.Буянжаргалыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хасан, нэг жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутгаас гаргахгүй байхаар болсон юм
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.