СЭТГЭЛИЙН ЗУЛ

СЭТГЭЛИЙН ЗУЛ

Хатагин Готовын Аким (1942-2026)

Монголын нийт орчуулагч бидний эрхэм дотны нөхөр, бичгийн их садан, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Орчуулагчдын Эвлэлийн “Дуун хөрвүүлэгч”, “Билигт гүүш” цолт, зохиолч, сэтгүүлч, судлаач, Монголын анхны чөлөөт хэвлэл “Ил товчоо” сониныг үндэслэн байгуулагч, зориг шийдэмгий эх оронч үзлийн манлайлагч Хатагин Готовын Аким гуайгаа нарт хорвоогоос дүрст лагшингаа хураасанд гүнээ харамсахын зэрэгцээ, хүндэт эрхэм ах маань дээд тэнгэрийн орноо, бичгийн их сартваахи нарын хүрээлэл дунд залрах нь дамжиггүй буюу хэмээн сэтгэлээ уужруулнам билээ.

Их гүүш Аким ах маань Монгол дахь ардчиллын эхний жилүүдээс дэлхийн уран зохиолын орчуулгын үзэл сурталжсан арга барилаас зоригтойгоор ангижрах алхмуудыг зүрхлэн хийж, Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн, дипломатч, их гүүш Б.Дашцэрэн нарын хамт тэртээх 1991 онд Монголын Орчуулагчдын Эвлэлийн тулгын чулууг тавьж, тус Эвлэлийн ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байх хугацаандаа бичиг оюуны хөдөлмөр эрхлэгчдийн сэтгэлгээг шинэчлэх, орчуулагч, хөрвүүлэгчдийг намын үзэл суртлын бодлогын туслагч мэтээр удирддаг байсан хандлагаас чөлөөлөх, уран бүтээлийнх нь үнэлэмжийг дээшлүүлэх  тал дээр асар их хувь нэмэр оруулсныг эргэн дурсахад таатай байна.

          Нэрт дуун хөрвүүлэгч Готовын Аким абугай маань одоогоос 40-50 жилийн өмнө дэлхий даяар шуугиан тарьж байсан Нобелийн шагналт Колумбын зохиолч Габриэль Маркесын “Зуун жилийн ганцаардал”, Францын зохиолч Альбер Камюгийн “Тахал”, Кыргызын зохиолч Чингиз Айтматовын “Цаазын тавцан” тэргүүтэй онцгой өвөрмөц олон арван романуудыг эх хэлнээ яруу сайхнаар дуун хөрвүүлж, монгол уншигчдынхаа хүртээл болгосныг орчуулагч бид нэн бахархалтайгаар эргэн дурсаж, хүндэт ахынхаа ирээдүй хойчдоо үлдээсэн бичиг соёлын яндашгүй их өвийг нь онцгой ихээр хүндэтгэн дээдэлж, бүтээлчээр суралцах болном.  

          Бичгийн их садан билигт их гүүш Та минь Манзуширийн орондоо амгалан заларч, номын садан уншигч, бичигч бид бүхэндээ үүрд мөнхөд дурсагдах болтугай хэмээн гүнээ мэхийн ёсолном уу.

PS. Билигт их гүүш Аким ах маань 50 гаруй жилийн өмнөөс эхлэн орос, зөвлөлтийн уран зохиолын шилдэг олон бүтээлийг монгол хэлнээ яруу сайхан буулгаснаас гадна ОХУ-ын “Орчуулгын хүрээлэн”-гийн Москва хотноо зохион байгуулдаг Олон улсын уран зохиолын орчуулагчдын их хуралд 2016, 2018 онуудад төлөөлөгчөөр оролцон илтгэл тавьснаар, эдүгээгийн Оросын уран зохиолын хүрээнийхний дотны танил болсон билээ. ОХУ-ын “Орчуулгын хүрээлэн”-гийн гүйцэтгэх захирал Е.Резниченкогоос Монголын орчуулагчдын эвлэлд хандан ирүүлсэн эмгэнэлийн захидлыг орчуулгын хамт бүрэн эхээр нь хүргэж байна.

                 МОНГОЛЫН ОРЧУУЛАГЧДЫН ЭВЛЭЛ

6ee6fdcf2e5d44ca8d0f81703bbd633f

МОНГОЛЫН ОРЧУУЛАГЧДЫН ЭВЛЭЛД 

Оросын уран зохиол орчуулагчдын олон улсын хамтын нийгэмлэгт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Монголын нэрт орчуулагч, зохиолч, сэтгүүлч, судлаач, орчуулахуйн урлагийн нэрт мастер Хатагин Готовын Аким хүнд өвчний улмаас 85 насандаа таалал төгсжээ. 

Бидний уран бүтээлийн дотны анд тэрбээр Монголын уран зохиолын орчуулгын салбарын нэрт төлөөлөгч бөгөөд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолтон, мөн их эрдэмтэн Б. Ринчений нэрэмжит шагналт, Монголын орчуулагчдын эвлэлийн шагналт, Монголын Сэтгүүлчдийн Холбооны шагналт, Монголын Зохиолчдын Эвлэлийн “Утга зохиолын төлөө” шагналтан орчуулагч байлаа.

Дуун хөрвүүлэгч Г.Аким АНУ-ын Academy of Art University (AAU)-ийн байнгын гишүүн, профессор, утга зохиолын ухааны доктор байсан. Мөн ОХУ-ын “Орчуулгын хүрээлэн”-гээс зохион байгуулсан Олон улсын уран зохиолын орчуулагчдын их хуралд урилгаар оролцож, Бямбын Ринчений орчуулгын уран бүтээлийн тухай болон Чингиз Айтматовын “Цаазын тавцан” романы монгол орчуулгынхаа талаар олны сонирхлыг татсан илтгэл тавьж байлаа.

Хатагин Готовын Аким 1942 онд Дорнод аймгийн Матад суманд төрж, Монгол Улсын Багшийн Дээд Сургуулийн орос хэл, уран зохиолын ангийг төгсөөд орос хэлний найруулга зүй, орчуулгын онол, орос болон зөвлөлтийн уран зохиолын чиглэлээр багшилж, Монголын хэвлэл мэдээллийн салбарт орчуулагч, редактор, сонины ерөнхий эрхлэгч, “Соёл Эрдэм” дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч, захирал, Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал, 2011 онд Хятадын Баруун хойд үндэстний их сургуульд зочин профессороор уригдан тус тус ажиллаж байжээ.

Эрхэм бичгийн хүмүүн Г.Аким нийт зуу гаруй бүтээлийн зохиогч, орчуулагч гэдгийг бид сайн мэдэх бөгөөд түүний орчуулгаар Чингиз Айтматов, Александр Грин, Лев Гумилёв, Рашид ад-Дин, Габриэль Гарсиа Маркес, Анатоль Франс зэрэг дэлхийн нэрт зохиолчдын бүтээлүүд монгол хэлнээ хэвлэгдэн гарч, судалгааны бүтээлүүд нь Оросын нэр хүндтэй, нөлөө бүхий утга зохиолын сэтгүүлүүдэд нийтлэгдэж байсныг манай хүрээлэн өндрөөр үнэлж байна. 

Авьяас билиг төгөлдөр энэ эрхэм хүмүүн бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдан үлдэх болно.

ОХУ-ын Москва хот дахь “Орчуулгын хүрээлэн”-гийн гүйцэтгэх захирал Евгений Резниченко

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.