🔴 Д.Гантулга: МАН ингэж дотроо улс төржөөд байвал ХҮН Засгийн газарт орж ажиллах хэрэг байна уу
ХҮН намын Удирдах Зөвлөлийн гишүүн Д.Гантулга тус намын Төлөөлөх зөвлөлийн хурлын явцын талаар мэдээлэл өглөө. Одоогоор тус намын удирдах дээд байгууллага хуралдаж, МАН-аас ирүүлсэн хамтарсан Засгийн газар байгуулах саналыг хэлэлцэж байна.
ХҮН намын Удирдах Зөвлөлийн гишүүн Д.Гантулга:
-Ерөнхий сайд Н.Учралаас ХҮН намын дарга Т.Доржхандад хандан шинээр байгуулагдах Засгийн газарт хамтран ажиллах албан ёсны урилга ирүүлсэн. Уг асуудлыг Улс төрийн намын тухай хууль болон намын дүрмийн дагуу Төлөөлөх зөвлөлөөр хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргана.
Хурлын явцад зөвлөлийн гишүүд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газарт ажилласан үр дүн, тулгарсан бэрхшээлийн талаар Шадар сайд Т.Доржханд болон Боловсролын сайд П.Наранбаяр нараас асуулт асууж, мэдээлэл авч байна. Ялангуяа олон улсын нөхцөл байдал хүнд, геополитикийн тогтворгүй байдалтай байгаа энэ цаг үед Монгол Улсын төр, Засгийн газар тогтвортой байх ёстой гэдэг байр сууринаас асуудалд нухацтай хандаж байгаа.
Одоогоор ямар нэгэн тодорхой сайдын суудлын талаар яригдаагүй бөгөөд Үндсэн хуулийн дагуу Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд томилгоог хийнэ. ХҮН намын хувьд хамтарсан Засгийн газарт орох уу, үгүй юу гэдэг зарчмын шийдвэрээ эхэлж гаргах бөгөөд үүний дараа дараагийн шатны асуудлууд яригдана гэлээ.
Боловсролын салбарт ажилласан хугацааны талаар тэрбээр хэлэхдээ, улс төрийн зорилготой дайралт их байсан ч багш нарын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин өсгөж 1.1 их наяд төгрөгт хүргэсэн нь бодит үр дүн гэдгийг дурдлаа. Мөн дэд сайдын албан тушаалын тухайд Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал болохыг тайлбарлаад, боловсролын салбарын жишээн дээр дэд сайдтай ажиллах нь ажлын явцыг хурдасгахад ач холбогдолтой байсныг хэлэв.
ХҮН намын төлөөлөх зөвлөлийн хурал үргэлжилж байгаа бөгөөд ойролцоогоор хоёр цагийн дараа санал хураалт явуулж, эцсийн шийдвэрээ олон нийтэд албан ёсоор танилцуулах юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.