Хөвсгөл нууранд живсэн ачааны автомашиныг 23 метрийн гүнээс татан гаргалаа
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг, Хатгал тосгоны "Тойлогтын үзүүр" хэмээх газарт нуурын мөс цөмөрч живсэн "Зил-131" загварын ачааны автомашиныг Онцгой байдлын байгууллагын алба хаагчид амжилттай татан гаргалаа. Уг ажиллагааг 2026 оны гуравдугаар сарын 26-ны өдөр эхлүүлж, нуурын 23 метрийн гүнээс тээврийн хэрэгслийг гаргаж авсан байна.
Одоогоос хоёр сар гаруйн өмнө буюу нэгдүгээр сарын 11-ний өдөр 10 шоо метр хуурай түлээ ачсан уг автомашин "Тойлогт" амралтын газрын чиглэлд зорчиж явахдаа мөс цөмөрч живсэн юм. Тухайн үед автомашинд гурван иргэн зорчиж явснаас нэг нь эсэн мэнд гарч чадсан ч, харамсалтай нь хоёр иргэн амь насаа алдсан билээ. Осол болсон газар нь аймгийн төвөөс хойд зүгт 145 км, Хатгал тосгоноос хойд зүгт 45 км-ийн зайд байрладаг.

Осол гарсан даруйд хошууч Х.Мөнхбатаар ахлуулсан аврах баг 4-20 метрийн гүнд шумбалт хийж, амь насаа алдсан иргэдийн цогцсыг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Гэвч тухайн үед мөсний зузаан ердөө 30-40 см байсан бөгөөд 1-1.5 метр өндөр овоолсон мөс ихтэй, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тул автомашиныг татан гаргах ажиллагааг аврагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс түр хойшлуулаад байв.
Ар гэрийнхнийх нь хүсэлтээр Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболдоор ахлуулсан 23 хүний бүрэлдэхүүнтэй баг хоёр дахь шатны ажиллагааг зохион байгууллаа. Аврагчид мөсөн дээр 10 метр урт, 3.5 метр өргөн суваг гаргаж, бага оврын экскаватор ашиглан эргээс 90 метрийн зайд байсан автомашиныг татан гаргаж, эзэмшигчид нь хүлээлгэн өгсөн байна.
Оны эхнээс хойш Хөвсгөл аймагт нуурын мөс цөмөрсөн арван удаагийн тохиолдол бүртгэгдэж, үүний улмаас зургаан хүн амь насаа алдаад байна. Хаврын дулаарал эхэлж, мөсний даац муудаж байгаа тул гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас иргэд, малчид, жолооч нарт онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.