Хот байгуулалт, хөгжлийн газрын албан тушаалтан асан Я.Болорын хорих ялыг торгох болгож өөрчлөв

Хот байгуулалт, хөгжлийн газрын албан тушаалтан асан Я.Болорын хорих ялыг торгох болгож өөрчлөв

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Я.Болор, түүнд их хэмжээний хахууль өгсөн Э.Гантуяа нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хянан хэлэлцлээ.

Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дахь ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалтын орон сууцыг буулган, дахин төлөвлөн барилгажуулах ажлын хүрээнд “Кристал инженеринг констракшн” ХХК-ийн хэрэгжүүлсэн, орон сууцын нөхцөл сайжруулах төслийн гэрээг дүгнэсэн актад гарын үсэг зурж баталгаажуулсныхаа хариуд тус компанийн удирдах албан тушаалтан Э.Чинбатын дүү Э.Гантуяагаас 216.5 сая төгрөгийн үнэ бүхий 65.21 ам метр талбайтай орон сууцыг ээжийнхээ нэр дээр авсан.

Ингэхдээ ам метрийг нь 1.7 саяар тооцож, нийт 110.8 саяар худалдан авахаар үнэ тохиролцон гэрээ байгуулж, 105.6 сая төгрөгийн хахууль авсан. Мөн Э.Гантуяагаас хүүхдийнхээ дансаар дамжуулан 7.4 сая төгрөг хээл хахуульд авсан гэх хэрэгт холбогдсон юм.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн нэгдүгээр сард тэдэнд холбогдох хэргийг хэлэлцэн хахууль авсан, өгсөн гэм буруутайд тооцож, Я.Болорын нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, таван жил хорих, Э.Гантуяаг нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хязгаарлан 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн аж.

Тэгвэл давж заалдах шатны шүүх Я.Болорын хүүхдийнхээ дансаар авсан гэх мөнгийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэснээс гадна хахуульд авсан гэх орон сууцын үнэлгээний дүгнэлтийг нягталснаар өөртөө 47 сая гаруй төгрөгийн давуу байдал олж авсан гэм буруутай гэж үзсэн юм. Ингээд хорих ялыг өөрчлөн 20 сая төгрөгөөр торгох ялаар солив. Харин Э.Гантуяад оноосон ялыг хэвээр нь үлдээлээ.

Г.РАВЖАА

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.