🔴МАН-ын гишүүдийг АН-д олноор элсүүлж байгаа нь ардчиллыг устгах, улс орныг нэг намын тогтолцоо руу шилжүүлэх аюултай гэв
АН-ын гишүүд дотоод сонгуулийн маргааны асуудлаар Улсын Дээд шүүхэд хандлаа.
Ардчилсан намын Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол зэрэг дүүргийн төлөөллүүд намын дотоод сонгуультай холбоотой маргаан, дүрмийн зөрчлийн асуудлаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргалаа. Тэд намын дотоод сонгууль Улс төрийн намын тухай хууль болон намын үндсэн дүрмийг ноцтой зөрчиж, гишүүдийн сонгох, сонгогдох эрхэд халдсан гэж үзэж байна.
БЗД-ийн АН-ын гишүүн:
- АН-ын дотоод хяналтын байгууллагууд ирүүлсэн баримт, гомдлыг шийдвэрлэхгүй байгаа тул дүрмийг нь бүртгэсэн байгууллага болох Дээд шүүхэд хандахаас өөр аргагүй боллоо. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Ардчилсан намын зүгээс Улс төрийн намын тухай хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар зургаан хуудас бүхий гомдлыг хавсралт материалуудын хамт хүлээлгэн өгч байна.
Намын гишүүдийн шүүмжилж буй гол асуудал нь "царцааны нүүдэл" буюу гишүүнчлэлийн зохиомол өсөлт. Баянзүрх дүүрэгт гэхэд өмнө нь 3-4 мянга орчим гишүүнтэй байсан бол шинэчилсэн бүртгэлээр гэнэт 14-15 мянга болж өссөн нь намын суурь дархлаанд аюул учруулж байна. Мөн Баянгол дүүрэгт 18 мкв талбайтай хаяг дээр 67 хүн бүртгэгдсэн тохиолдол илэрсэн бөгөөд эдгээр нь Ардын намын гишүүд байх магадлалтай гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн н.Өлзийбаяр:
-Улс төрийн намууд дотоод сонгуулиа шударга хийж байж төрийн эрхийг барих ёстой. Гэтэл манай намын дотоод сонгуульд гаднын нөлөө орж, эрх баригч намын зүгээс АН-ыг худалдаж авах, бодлогод нь нөлөөлөх үйл ажиллагаа явуулж байна. Хэрэв энэ асуудлыг шийдэхгүй бол намын гишүүд дараагийн шатны тэмцэлд шилжих болно гэв.
Түүнчлэн Баянгол дүүргийн АН-ын дарга н.Лхагвасүрэн:
-Намын дотоод сонгууль "царцаа"-ны нүүдэлтэйгээр зохион байгуулагдаж байна. Ардын намын гишүүдийг АН-д олноор нь элсүүлж байгаа нь ардчиллыг устгах, улс орныг нэг намын тогтолцоо руу шилжүүлэх аюултай алхам.
Одоогоор намын Хяналтын зөвлөлөөс Дотоод сонгуулийг зохион байгуулах хороонд зөрчлүүдийг арилгах тухай мэдэгдэл хүргүүлсэн ч тодорхой шийдвэр гараагүй байна. Хэрэв Дээд шүүх болон намын удирдлагууд энэхүү гомдлыг хэлэлцэж, зохих шийдвэр гаргахгүй бол дөрөвдүгээр сарын 8-нд товлогдсон Их хурлаар Ардын намын нөлөө бүхий хүмүүс намын бодлого тодорхойлох түвшинд гарч ирэх эрсдэлтэйг гишүүд анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.