🔴Б.Тулга: Б.Энхбаярын хариуцлагагүй мэдэгдлээс болж Засгийн газар унасан
Шинээр байгуулагдаж буй Засгийн газар төрийн үйл ажиллагааг илүү төлөвлөлт сайтай, үр дүнтэй болгоход онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна. Улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлоход төрийн институцийн хариуцлага, гүйцэтгэл нэгдүгээрт тавигдах ёстойг УИХ-ын гишүүн Б.Тулга онцоллоо.
УИХ-ын гишүүн Б.Тулга:
-Дэлхийн зах зээл дээрх нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт манай улсад эерэг боломжуудыг авчирч байна. Тухайлбал, нүүрсний экспортын үнэ 2026 оны төсвийн төсөөлөлд 70 ам.доллар байсан бол энэ онд 140 ам.долларт хүрч, хоёр дахин өсөх прогнозтой. Иймд энэхүү богино хугацааны боломжийг ашиглан боомтын дэд бүтцийг яаралтай өргөжүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах замаар экспортыг нэмэгдүүлэх нь чухал юм. Ингэж чадвал цар тахлын үеийнх шиг уул уурхайн бүтээгдэхүүнээр эдийн засгаа хамгаалж, цалин тэтгэврийг тогтвортой тавих нөхцөл бүрдэнэ.
Хилийн боомтын газар олголттой холбоотой асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын хийсэн мэдэгдлийг үндэслэлгүй, хариуцлагагүй үйлдэл гэж үзэж байна. Тэрээр хилийн зурвас дахь 34 мянган га газрыг хувийн хэвшилд зарсан мэтээр ташаа мэдээлэл тараасан нь Засгийн газрын тогтвортой байдалд сөргөөр нөлөөллөө. Бодит байдал дээр уг газрыг долоон аймгийн 10 боомтын үйл ажиллагааг цэгцлэх, эрх зүйн орчныг тодорхой болгох зорилгоор төрийн 100 хувийн өмчит аж ахуйн нэгжүүдэд ашиглуулахаар шийдвэрлэсэн байдаг. Энэхүү асуудлаар холбогдох бүх материалыг АТГ-т хүргүүлж, тайлбар мэдүүлэг өгсөн.
Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүний тухайд, зөвхөн гишүүдийн тоог цөөлөх бус, салбар бүрийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чадвартай, хариуцлагатай багаар бүрдүүлэх нь чухал юм. Салбарын асуудлуудыг эзэнгүйдүүлэхгүй байх, ажил хэрэгч хандлагаар асуудалд хандах нь шинэ кабинетын гол зорилго байх ёстой гэж үзэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.