🔴Д.Үүрийнтуяа: Надад сайд болох санал ирээгүй байна

AI хөрвүүлсэн

УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдыг томилж, шинээр байгуулагдах Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудал олны анхаарлын төвд байна. Шинэ кабинетад сайдаар томилогдох магадлалтай хүмүүсийн нэрс улс төрийн хүрээнд яригдаж эхэлсэн бөгөөд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн нэр яригдаж байна. 

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: 

-Одоогоор албан ёсны санал ирээгүй байгаа. Хэрэв санал ирвэл тухайн үед нь шийдвэрээ гаргана.

Засгийн газрын бүтцийн хувьд эрх баригчид болон сөрөг хүчний зүгээс цомхон, үр ашигтай, бүтээмж өндөртэй байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж буй. Үүнийг зарчмын хувьд дэмжиж байгаа ч өнөөдрийн нөхцөл байдалд төрийн ажлыг тасралтгүй, шуурхай явуулах нөхцөлийг нэн тэргүүнд тооцох ёстой.

Бүтцийн өөрчлөлт нэрээр яамдыг нэгтгэж, салгах нь доод шатны агентлаг, төрийн албан хаагчдын дунд томоохон хөдөлгөөн үүсгэж, ажлын уялдаа холбоо алдагдахад хүргэдэг. Мөн төсвийн тодотгол хийх зэргээр багагүй хугацаа алдах эрсдэлтэй. Гадаад болон дотоод орчны сорилтууд их байгаа энэ үед бүтцийн өөрчлөлтөд цаг алдахаас илүүтэйгээр хямралыг даван туулах төлөвлөгөөгөө богино хугацаанд ажил хэрэг болгох нь шинэ Засгийн газрын гол зорилт байх ёстой гэж үзэж байна гэв.

Дэд сайд нарын асуудлаар тэрбээр байр сууриа илэрхийлэхдээ, энэ нь хууль бус зүйл биш бөгөөд одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд байдаг зохицуулалт гэдгийг хэлэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.