Төрийн нууцыг үрэгдүүлсэн гэх албан тушаалтны гэм буруутай, эсэхийг дэнсэлнэ

Төрийн нууцыг үрэгдүүлсэн гэх албан тушаалтны гэм буруутай, эсэхийг дэнсэлнэ

Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ)-ны Мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байсан, дараа нь УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн газарт албан тушаал хаших болсон Д.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх дөрөвдүгээр сарын 10-ны 10.00 цагт хэлэлцэхээр товлолоо.

УИХ, ХЗДХЯ, УБЕГ, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Менежментийн болон Дотоод хяналтын баг зэрэг төрийн хариуцлагатай байгууллагад ажиллаж байсан түүнийг нэлээд хэдэн жилийн өмнөөс Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт шалгасан юм.

Д.Ган-Эрдэнэд Эрүүгийн хуулийн 19.13-1 дэх хэсгийн “Төрийн маш нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйлийг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэргийн шинжгүй” гэсэн заалтын дагуу Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр хоёр дахь удаагаа шүүхэд шилжүүлж буй нь энэ. Уг хэргийг анх 2023 оны аравдугаар сард Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байв.

Улмаар 2024 оны гуравдугаар сард тус шүүх хаалттай хэлэлцээд төрийн нууцыг үрэгдүүлсэн гэм буруутайд тооцон, Д.Ган-Эрдэнэд 650 нэгж буюу 650 мянган төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм. Гэвч нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр болсон билээ. Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг дахин хэлэлцээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан байдаг.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.