ШУУРХАЙ: Төөрч, газрын баримжаа алдсан хилчнийг эсэн мэнд оллоо
Өмнөговь аймаг дахь хилийн цэргийн 0131 дүгээр ангид 2025 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирж, алба хааж байсан хилчин энэ сарын 25-нд сураггүй болжээ. Тус ангийн малын сууринд үүрэг гүйцэтгэж байсан 19 настай С гэх байлдагч 6-8 км зайд бэлчиж байсан тэмээн сүргийг эргүүлэхээр албаны мотоциклтой яваад алга болж, эрлийн ажиллагаа зохион байгуулж буй талаар Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-аас өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн юм.
Тус газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа С.Пүрэвсүрэн “Сураггүй болсон хугацаат цэргийн алба хаагч С нь 2025 оны нэгдүгээр ээлжээр Өвөрхангай аймгийн Уянга сумаас татагдсан, нэг сарын дараа халагдана.
Тэрбээр гуравдугаар сарын 25-ны 12.00 цагийн үед үүрэг гүйцэтгэж байсан малын сууринаас 6-8 километрийн цаана бэлчээрт байсан тэмээн сүргийг эргүүлэхээр албаны мотоциклтой яваад сураггүй болсон. Түүний араас малын суурийн ахлагч явсан боловч олоогүй тул ангийн удирдлага, ХХЕГ-т мэдэгдсэнээр эрлийн ажиллагааг өргөн хүрээнд эхлүүлсэн.
Хил хамгаалах байгууллага болон цагдаа, онцгой байдлын алба, төрийн албан хаагчид, хил хамгаалахад туслах хүчний гишүүд, орон нутгийн иргэд хамтарсан эрлийн 17 бүлэг 17 автомашин, 12 мотоцикл, зургаан дронтойгоор эрэн хайх ажиллагаа явуулж байна. Мөн ар гэрийнхэн нь ирж оролцож байгаа” хэмээн мэдээлсэн юм. Өчигдөр байлдагч С-ыг агаараас эрэн хайх зорилгоор нисдэг тэрэг ашиглаж эхэлсэн бөгөөд хараахан үр дүнд хүрээгүй байгааг ХХЕГ-ынхан хэлсэн.
Тэгвэл дөнгөж сая эрлийн багийнхантай холбогдоход сураггүй болсон байршлаасаа 40 км зайтай газраас 20.00 цагийн үед эсэн мэнд олсон талаар мэдээлэв. Тэрбээр төөрч, газрын баримжаа алдсан бололтой.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.