🔴 Т.Доржханд: Ийм байдал үүснэ гэж арай ч бодсонгүй, би ичээд байна
Шадар сайд Т.Доржханд өмнөх Засгийн газрын үйл ажиллагаа болон өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр хэлэхдээ, "Занданшатарын тэргүүлсэн парламент болон Засгийн газар сайн ажилласан. Би өөрөө танхимд нь байсны хувьд эдийн засгийн бодлогын хувьд буруу алхам хийгээгүй гэдгийг баттай хэлнэ. Эдийн засгийн мэдлэгтэй хүмүүстэй ажил хэргийн шугамаар харилцахад маш амар байсан. Бид гаднын хөрөнгө оруулалтыг дэмжих, эрчим хүчний шилжилтийг зоригтой хийх тал дээр санал нэгдэж, олон төсөл дээр хөрөнгө оруулагчидтай уулзаад явж байсан. Гэтэл ийм нөхцөл байдал үүснэ гэж бодсонгүй" хэмээв.
Улс төрийн тогтворгүй байдалд шүүмжлэлтэй хандаж буйгаа тэрээр нуусангүй. "Жилийн өмнө л өмнөх Засгийн газар солигдож байсан. Нэг удаа хүүхдийн цүнхний асуудлаас болдог, дараа нь УИХ-ын даргын суудалтай холбоотой асуудал үүсдэг. Хамтарсан Засгийн газарт байгаа улс төрийн намуудын хувьд энэ нь маш гэнэтийн бөгөөд цаашид хэрхэн ажиллах вэ гэдэг асуултын тэмдэг үлдээж байна. Дэлхий ертөнц орвонгоороо эргэж, Европчууд, Арабууд түүхэндээ байгаагүйгээрээ эвлэлдэн нэгдэж, дотоод эв нэгдлээ хангаж байхад Монгол Улс гуравхан сая хүнтэй байж дөрвөн уулынхаа дунд утаагаа уугиулаад, хоорондоо үзэлцээд сууж байгаа нь харамсалтай байна" гэлээ.
Т.Доржханд ХҮН намын баримталж буй зарчмын талаар "МАН, АН хоёр 35 жилийн турш бие биенийхээ хийснийг үгүйсгэж, сандал суудлын төлөө тэмцэлдсээр ирсэн. Үүнийг өөрчлөх гэж л бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн шүү дээ. ХҮН нам хоёр жил хагасын турш бүх аймаг, сумдаар явж, иргэдэд олон намын тогтолцоо, тогтвортой байдлын ач холбогдлыг ойлгуулсан. Одоо би иргэдийнхээ өмнөөс ичиж байна. 'Хоёр намын систем болохгүй байна, олон намын системээр тогтвортой байдлыг үүсгэж байж эдийн засаг тэлнэ' гэж итгүүлж явсан ч өнөөдөр байдал ийм байна" хэмээн онцлов.
Засгийн газарт орсон шалтгаанаа тайлбарлахдаа "Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газарт орох шийдвэрийг гаргахад амаргүй байсан. Манай намынхан орон нутгийн сонгуульдаа анхаарч, сөрөг хүчин байхыг илүүд үзэж байсан ч улс орны эрх ашгийн төлөө, амласан ажлаа дуусгахын тулд шүд зуун орсон. Гэтэл жил хүрэхгүй хугацаанд дахиад л тогтворгүй байдал үүслээ. МАН өөрийгөө 105 жилийн түүхтэй институц гэдэг мөртлөө өөрсдийнхөө Засгийн газрыг хоёр ч удаа огцруулах ажил хийж байна. АН ч гэсэн үүн дээр улс төрийн хонжоо хайж, алга ташуулах гээд байгаа нь буруу" гэв.
Төгсгөлд нь тэрээр эдийн засгийн тогтвортой байдлын чухлыг сануулж, "Засгийн газраа огцруулаад байвал оноо авна гэж хэн ч хэлээгүй. Гадаад орчин бужигнаантай байгаа энэ үед бид эв нэгдлээ барьж, тогтвортой байж гэмээнэ хөрөнгө оруулалт нэмэгдэж, бизнес тэлнэ. Эдийн засгийн тогоо маань томорно. Гэтэл одоо энэ тогоо маань улам л агшаад байна" хэмээн яриагаа өндөрлүүллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.