🔴 С.Бямбацогт: Ерөнхий сайд дараагийн удирдлагад ажлаа шуурхай шилжүүлж, төрийн бодлогыг тасралтгүй авч явах боломжийг олгож байна
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт эдийн засгийн нөхцөл байдал болон Засгийн газрын үйл ажиллагааны тасралтгүй байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрээр дэлхий нийтийг хамарсан Иран, Америкийн зөрчил зэрэг давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж бүтээгдэхүүний үнэ өсөх, эдийн засаг хүндрэх эрсдэлтэй нөхцөлд Монгол Улс орж байгааг онцлов. Энэхүү хүндрэл нь зөвхөн манай улсаас шалтгаалаагүй бөгөөд дэлхийн бүх улс орнуудад нүүрлэж буй сорилт гэдгийг тэрээр тэмдэглэсэн юм.
Ийм эгзэгтэй цаг үед төрийн ажил нэг минут, нэг цаг ч сааталгүй явах ёстойг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт анхаарууллаа. Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаа нь дараагийн удирдлагад ажлаа шуурхай шилжүүлж, төрийн бодлогыг тасралтгүй авч явах боломжийг олгож буй хэрэг гэж тэрээр тайлбарлав. Үүнтэй ижил УИХ-ын үйл ажиллагаа ч эрчимтэй үргэлжилж, төрийн бодлогыг тодорхойлох шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргах шаардлагатай байгааг хэллээ.
Одоогийн байдлаар шатахууны үнийн өсөлтөөс сэргийлэх хэд хэдэн чухал хуулийн төсөл УИХ-д хүлээгдэж байна. Тухайлбал, баруун бүсийн газрын тосны бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх хуулийг яаралтай батлахгүй бол бензиний үнэ нэмэгдэх бодит эрсдэл үүсээд байгааг тэрээр сануулав. Мөн ОХУ-тай хийх онгоцны түлшний хэлэлцээрийг шийдвэрлэхгүй бол түлшний үнэ хэт өндөр болох зэрэг хүлээгдэж буй олон асуудал байгааг онцлоод, УИХ-ын гишүүд хуулиа дээдэлж, төрийн ажилд саад болохгүйгээр ажиллах ёстойг тэмдэглэсэн юм.
МАН-ын бүлгийн хурлын шийдвэрийн талаар тэрээр мэдээлэхдээ, Удирдах зөвлөлөөс гаргасан Ерөнхий сайдыг чөлөөлөх шийдвэрийг бүлгийн гишүүд 100 хувь дэмжсэн гэдгийг хэллээ. Намын гишүүд эв нэгдэлтэй байж, Удирдах зөвлөлийн шийдвэрийг бүрэн биелүүлэхээр санал нэгдсэн байна. Одоогийн байдлаар гишүүд чуулганы ирцээ бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд намаас хөөгдөх асуудал яригдаж буй гишүүдийн хувьд эцсийн шийдвэр гараагүй байгааг дурдлаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 20:30 цагаас эхлэхээр төлөвлөгдсөн бөгөөд Байнгын хорооны санал дүгнэлтийг гишүүдэд тарааснаар хэлэлцүүлэг үргэлжилнэ. Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ гишүүний тухайд МАН-ын Удирдах зөвлөл болон бүлгийн шийдвэрийг биелүүлж, төрийн ажлыг гацаахгүй байх гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. С.Бямбацогт дарга "Төр түмнийхээ төлөө зүтгэж, хуулиа дээдлэн ажиллах болно" гэдгээ дахин бататгасан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.