🔴 Ж.Энхбаяр: Намайг УИХ-ын дарга болгох гэж байгаа гэх тодорхой мэдээлэл алга. Удирдах зөвлөлийн шийдвэрийг л дагана
УИХ-ын даргын асуудал болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ болон Ж.Энхбаяр нар дараах байр суурийг илэрхийллээ.
Ж.Бат-Эрдэнэ: Юун түрүүнд, УИХ-ын дарга Н.Учрал ажлаа өгөх талаар албан ёсоор мэдэгдээгүй гэдгийг тодотгоё. Тэрээр парламентыг ахалж буй хүний хувьд хэрэв олонх нь өөр байр суурьтай байвал үйл ажиллагаа цаашид хэвийн үргэлжлэх боломжгүй гэдгийг бодит нөхцөл байдал дээр үндэслэн хэлсэн. Улс төрийн шийдэл гаргахгүйгээр нэг тал нь олонхоороо түрэмгийлэн суух нь зүй бус гэдэг өнцгөөс л асуудалд хандсан болов уу.
Ер нь аливаа улс төрийн хүчин олонх болсон тохиолдолд мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлэхийн тулд намын дарга нь гүйцэтгэх засаглалаа тэргүүлж, Ерөнхий сайдаар ажиллах нь хамгийн тохиромжтой хувилбар гэж би хувьдаа дэмжиж байгаа. Ингэж байж тухайн намын боловсруулсан хөтөлбөр үнэн бодитоор хэрэгжих боломж бүрдэнэ.
Ж.Энхбаяр: Өнөөдөр дэлхий дахинд, тэр дундаа Ойрх Дорнод болон Орос-Украины мөргөлдөөнөөс үүдэлтэй эрчим хүчний салбарт томоохон доргилт үүсээд байна. Энэхүү санхүү, эдийн засгийн онцгой нөхцөл байдлыг даван туулахын тулд одоогийн батлагдсан төсвийн хүрээнд ажиллах хууль эрх зүйн боломж хомс байна. Тиймээс зайлшгүй хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж байж хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх шаардлагатай. Бид шатахуунаас 100 хувь хамааралтай тул үнийн өсөлт инфляцад хүчтэй нөлөөлж, иргэдийн орлого болон ААН-үүдийн үйл ажиллагаанд бодит эрсдэл учруулж эхэллээ.
Намын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, улс төрийн чухал шийдвэрүүдийг гаргана. Өчигдөр намын бүлэг дээр нөхцөл байдлыг олон талаас нь дэлгэрэнгүй хэлэлцсэн. Удирдах зөвлөлөөс гаргасан улс төрийн шийдвэрийг УИХ дахь бүлгийн гишүүд 100 хувь дагаж ажиллахаар тогтсон. Засгийн газар тогтвортой байж гэмээж нь бид энэхүү эрсдэлт цаг үеийн ард гарч чадна.
Намын дарга хаана байх нь илүү үр дүнтэй вэ гэдгийг өнөөдөр эцэслэн шийднэ. УИХ-ын түвшинд хууль эрх зүйн манлайлал үзүүлж, бодлогоо зангидах уу, эсвэл гүйцэтгэх засаглалыг удирдаж хариуцлагаа хүлээх үү гэдэг нь улс төрийн шийдвэр байх болно. Харин миний нэр дараагийн УИХ-ын даргад яригдаж байгаа тухайд надад одоогоор тодорхой мэдээлэл алга байна. Удирдах зөвлөлийн шийдвэрийг намаас сонгогдсон бүх албан тушаалтнууд дагаж мөрдөх ёстой.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.