🔴 А.Баяр: Төрийн далбаагаа даваа гараг бүрийн өглөө мандуулж, баасан гараг бүрт буулгаж заншлаа

🔴 А.Баяр: Төрийн далбаагаа даваа гараг бүрийн өглөө мандуулж, баасан гараг бүрт буулгаж заншлаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдын хурлын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баярын санаачилан хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй Төрийн далбаа мандуулах хөтөлбөрийн нээлт өнөөдөр 2026.03.27-нд СТӨ-нд боллоо.
 
Хөтөлбөрийг 2026 онд төрийн болон өмчийн ерөнхий боловсролын 147 сургуульд хэрэгжүүлнэ. Ингэснээр сурагчдын эх оронч үзлийг сэрээх, хүн хүнээ хайрлан хүндэтгэх, байгаль дэлхий, амьдрах орчин, аав ээжээ дээдлэн хамгаалдаг хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой юм.
 
Хөтөлбөрийг НИТХ-ын дарга А.Баяр нээлээ. Тэрбээр "Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөрийг өнгөрсөн жил ерөнхий боловсролын 12 сургуульд амжилттай хэрэгжүүлсэн. Олон эерэг өөрчлөлт, үр дүн гарсан. Энэ жил Нийслэлийн бүх сургуульд хэрэгжүүлэх гэж байгаадаа баяртай байна. Төрийнхөө далбаагаа мандуулдаг сургуулийн хүүхдүүд хичээл сурлага, спорт урлаг, харилцаа хандлагаар нэгэндээ эерэг нөлөө үзүүлдэг болсныг багш нар нь хэлж байна. Хоорондоо англи хэлээр ярихаасаа илүү эх хэлээрээ ярихыг эрхэмлэдэг болжээ. Хөтөлбөрийг бүх талаар дэмжиж сургуульдаа хэрэгжүүлэх боломжоор хангасан удирдлага, нийгмийн ажилтан, багш нар, эцэг эхчүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэв.
 
Нээлтийн арга хэмжээг видео хэлбэрээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу
 
Төрийн далбаа мандуулах хөтөлбөрт НИТХ-ын Төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа, НИТХ-ын Төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны дарга Б.Золтуяа, НИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр, НИТХ-ын Төлөөлөгч, Улаанбаатар спорт менежмент ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Хулан, НИТХ-ын Төлөөлөгч, Тархмал эрчим хүчний дэд бүтэц ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Батзориг, НИТХ-ын Төлөөлөгч Б.Мөнхбаатар болон эцэг эх, сурагчдын төлөөлөл оролцлоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.