🔴 Г.Дамдинням: Шатахууны экспортыг тасралтгүй нэмэгдүүлэх асуудлаар ОХУ-тай дахин хэлэлцээр хийнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны нөхцөл байдал болон салбарын хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УИХ дахь АН-ын бүлэгт танилцуулга хийлээ. Тэрбээр АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн хүсэлтээр тус уулзалтад оролцож, салбарын бодлого, нөөц бүрдүүлэлт болон цаашид авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. АН-ын гишүүдийн зүгээс шатахууны хадгалалт, нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд баримталж буй бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Мөн алт олборлогч компаниудын төлөөлөлтэй уулзаж, "Алт-3" үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих арга хэмжээнүүдийг танилцуулсан байна. Засгийн газраас алт олборлолтыг дэмжих замаар эдийн засгийг тогтворжуулах бодлого барьж байгаа бөгөөд үүний хүрээнд төрийн байгууллагуудын үйл ажиллагааг шуурхайлах, байгаль орчны үнэлгээ болон уулын ажлын төлөвлөгөөг богино хугацаанд шийдвэрлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ хариуцлагатай уул уурхайг эрхэмлэж, нөхөн сэргээлтийн зардлыг 100 хувь төвлөрүүлэх амлалт авч, ойн сан бүхий газрын зарим хил хязгаарт өөрчлөлт оруулах замаар олборлолтыг нэмэгдүүлэх зохицуулалт хийгдэж байгааг онцлов.
Олон улсын зах зээл дээрх нөхцөл байдлын талаар сайд Г.Дамдинням хэлэхдээ, шатахууны үнэ өсөж зардал нэмэгдэж байгаа ч нөгөө талдаа Монгол Улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрс, төмрийн хүдрийн үнэ өсөх хандлагатай байгааг дурдлаа. Тухайлбал, дэлхийн томоохон экспортлогч Австрали улсад шатахууны хомсдол үүсэж, үйлдвэрлэл нь саарч байгаа нь манай улсын нүүрсний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх боломж олгож байгааг тэрбээр тэмдэглэсэн юм.
Шатахууны нийлүүлэлтийн тухайд манай улс импортынхоо 98 орчим хувийг ОХУ-аас авдаг бөгөөд тус улстай байнгын харилцаатай ажиллаж байна. Одоогийн байдлаар агаарын хөлгийн түлшний хэлэлцээрийг УИХ-аар яаралтай батлах шаардлагатай байгааг сайд санууллаа. Энэхүү хэлэлцээр батлагдсанаар ОХУ-аас Монгол Улсыг газрын тосны бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах эрх зүйн зохицуулалт анх удаа бүрдэх юм. Мөн шатахууны литр тутамд 200 төгрөгийн хэмнэлт гаргах гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан бөгөөд УИХ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, эдгээр асуудлыг шуурхай шийдвэрлэх нь чухал байгааг хэлэв.
Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгааг мэдээллээ. УИХ-ын үйл ажиллагаа тасалдаад байгаа нь салбарын чухал бодлого, шийдвэрүүд хүлээгдэхэд хүрч байгааг тэрбээр анхааруулсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.