Ерөнхий сайд Г.Занданшатарыг "шахаа"-нд оруулсан уу?
Хаврын чуулган эхэлснээс хойш УИХ дахь Ардчилсан намын бүлгийн улс төржилтөөс болж төрийн ажил гацаанд оров. Тэд олон намын төлөөлөлтэй парламентэд нэг намын дарга УИХ-ыг удирдах ёсгүй. Өөрөөр хэлбэл Н.Учралаар УИХ-ыг удирдуулахгүй. Түүнийг ажлаа өгтөл нь чуулганы хуралдаанд оролцохгүй гэв.
Хоёр долоо хоног гацсан парламентын үйл ажиллагаа хэвийн болох хүртэл том улс төр өрнөх нь тодорхой болжээ.
Өчигдөр УИХ-ын дарга чуулганы индэр дээрээс УИХ дахь МАН-ын бүлгийг хуралдаж "Улс төрийн шийдвэр" гарга хэмээн үүрэг болгосон. Энэ үгийн цаана их учир бий.
Нэгэнт "Чамаар удирдуулахгүй" гэх АН-ын шахалтыг эсэргүүцээд индэр дээр суугаад байвал төрийн ажил гацна. Нөгөөтэйгүүр тэртээ тэргүй МАН-ын даргын албан тушаалыг их үнээр олж авсан Н.Учралын хувьд Засгийн газрын тэргүүний суудлаа авах бүрэн эрхтэй. Энэ мэт шалтгаануудаар тэрбээр "УИХ-ын даргын ажлаа өгье" гэжээ.
Өчигдөр хуралдсан МАН-ын бүлэг ч энэ чиг рүү шийдвэр гаргаж, МАН-ын Удирдах зөвлөлийг ойрын үед хуралдуулж, тэндээс гарсан шийдвэрийг дагана гэдгээ мэдэгджээ.
Төрийн ордон өчигдөржин хөл хөдөлгөөнтэй улс төржив. Тэд тохирч байж Удирдах зөвлөлөө хуралдуулах аж.
Гэтэл тохироо хийгдэж өгөхгүй нь зовлон үүсэв. Өчигдөр орой Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өрөөнд МАН-ын томоохон бүлэглэлүүдийн удирдлагууд уулзаж, цаашид хэрхэхээ ярилцжээ. Тэд нэгдсэн шийдэлд хүрээгүй л байна.
Түүнээс гадна бүлгийн хурал дээр Н.Учрал дарга "Энэ хэвээр чуулганы ажил гацсаар байвал би явъя" гэжээ. Гэхдээ ирэх долоо хоногт ийм шийдвэр гаргахаа ч битүүхэн дуулгаж. Харин Ерөнхий сайд Г.Занданшатар ажлаа өгөхгүй гэсэн байр суурь илэрхийлсэн бөгөөд орой нь цахим хуудастаа мэдэгдэл хийж "Ухрах, тохирох ямар ч бодол алга" хэмээн мэдэгдэв.
Товчдоо, Ерөнхий сайдад ажлаа өгөх бодол алга. УИХ-ын даргад ажлаа өгч байгаад намын дүрмээ хэрэгжүүлж Ерөнхий сайд болох бодол бий. Өнгөрсөн намаржин улс төржиж Д.Амарбаясгалангийн талын улс төрчдийг зайлуулан байж ялалт байгуулсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талынхан өнөөдөр ийнхүү дотроо хөлөө жийлцэж эхэллээ
Намын зовлон төрийн зовлон болж эхэлсний ганц жишээ нь өнөөдөр өглөө сэрэхэд дизель түлш болон АИ-95 автобензиний жижиглэн борлуулах үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдсэн байв. Уг нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Боомтын сэргэлт, 14 мега төсөл гэх мэт том том төслүүд хөдөлгөх нэрээр улсын төсвөөр туйлж, төрийн санг улайсгах хүртэл хэмжээнд хүргэсэн эдийн засгийг Г.Занданшатарын засгийн газар засч залруулах гэж шат дараатай арга хэмжээг алхам алхмаар хэрэгжүүлж байсан билээ.
Оны эцэст хоосорсон төрийн санг зузаатгахын тулд уул уурхайгаас уурлан, гуйн, зээлэн байж бага сага мөнгө босгож төрийн албаны зардлаа таслалгүй өнөөдрийг хүргэсэн байдаг. Цаашлаад Үндэсний баялгийн санг зузаатгаж, эгэл жирийн иргэдэд шууд нөлөөлөх эдийн засгийн өсөлт үүсгэхээр мэргэжлийн хүний хувьд шат дараатай ажиллаж байсан билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.