Дизель түлш болон АИ-95 автобензиний үнэ 300 төгрөгөөр нэмэгдлээ
Дизель түлш болон АИ-95 автобензиний жижиглэн борлуулах үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдэх шийдвэр гарч, шатахуун түгээх станцуудад хэрэгжиж эхэллээ. Олон улсын зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт болон Ойрхи Дорнодын нөхцөл байдалтай холбоотойгоор импортлогчид үнийг 1,000-1,500 төгрөгөөр нэмэх санал гаргасан ч Шатахууны үнийн зөвлөлөөс инфляцын дарамтыг бууруулах зорилгоор ийнхүү үе шаттай нэмэхээр тогтсон байна.
Үнийн өөрчлөлтөд дэлхийн зах зээл дээрх Брент маркийн түүхий тосны үнэ 2022 оноос хойш анх удаа 100 ам.доллароос давсан нь голлон нөлөөлжээ. Ялангуяа Иран болон Ормузын хоолой орчмын геополитикийн тогтворгүй байдал нь нийлүүлэлтийн сүлжээнд саатал учруулж, Санкт-Петербургийн бирж дээрх бүтээгдэхүүний өртгийг өсгөсөн байна. Нийт хэрэглээний 95-97 хувийг ОХУ-ын Роснефть компаниас хамааралтайгаар импортолдог тул гадаад зах зээлийн савлагаа дотоодын үнэд шууд тусч байгааг албаныхан тайлбарлалаа.
Харин хамгийн өргөн хэрэглээний АИ-92 автобензиний үнийг ирэх гурван сарын хугацаанд тогтвортой хадгалахаар болсон байна. Энэ нь нийлүүлэгч талтай тонн тутамд нь 705 ам.доллароор тооцож авах урт хугацааны гэрээ байгуулсантай холбоотой юм. Түүнчлэн хаврын тариалалтын бэлтгэл ажлыг дэмжих зорилгоор 10,000 тонн дизель түлшийг өмнөх үнээр нь тариаланчдад нийлүүлэхээр импортлогчидтой тохиролцсон байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв зах зээлийн нөхцөл байдал үнээ илүү өндөр тогтоох шаардлага үүсгэсэн ч иргэдийн нуруун дээр ирэх ачааллыг зөөлрүүлэх бодлого барьж буйг онцоллоо. Одоогоор АИ-92 автобензиний 41-42 хоногийн буюу 87.1 мянган тонн, дизель түлшний 27-28 хоногийн буюу 111.5 мянган тонны нөөцтэй байна. Шадар сайд Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг эрчим хүчний үнийн хэлбэлзлээс үүдэлтэй эдийн засгийн эрсдэлийг хянах үүрэгтэй ажиллаж байна.
Цаашид эрчим хүчний хараат бус байдлыг бэхжүүлэх хүрээнд 2026 оны төсөвт 20 тэрбум төгрөг тусгаж, шатахуун хадгалах савны багтаамжийг 200,000 шоо метрээр нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн энэ оны сүүлчээр дотоодын газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор гадаад зах зээлийн үнийн шокноос хамгаалах бодит боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Эх сурвалж:
• open.kg
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.