Харьд гаргасан олдворуудыг авч чадахгүйн бодит жишээ буюу Оросын талын хариулт

Харьд гаргасан олдворуудыг авч чадахгүйн бодит жишээ буюу Оросын талын хариулт

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучууд (ССАЖЗ)-ын сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Ч.Номин хэдхэн хоногийн өмнө олон нийтийн сүлжээнд “2023 оны арваннэгдүгээр сард ОХУ-ын Соёлын сайд О.Б.Любимова болон Эрмитаж музейн захирал Б.М.Пиотровскийтай уулзаж, Ноён уулын олдворуудаа гэрээ ёсоор буцаан авах хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн. Үүнээс хойш хоёр улсын хооронд хэрэгжиж буй өндөр дээд хэмжээний айлчлал бүрийн ярианы сэдэвт энэ асуудал тогтмол багтдаг болсон юм. Эрмитажийн музейд хадгалагдаж буй Хүннү гүрний үед холбогдох түүхийн хосгүй үнэт дурсгалуудаа эх орондоо буцаан авах ажил тасралгүй үргэлжлэх ёстой” хэмээн бичсэн байв.

Тэрбээр энэ салбарын сайдаар 2021 оны нэгдүгээр сараас 2025 оны зургаадугаар сар хүртэл дөрвөн жил ажилласан. Энэ хугацаанд Эрмитажаар тогтохгүй, АНУ-ын Байгалийн түүхийн музейд хандаж, эртний олдворуудаа буцааж авах талаар хөөцөлдөж, үр дүн гаргах боломж байсан уу гэвэл тийм. Тэр ч бүү хэл гэмт хэргийн замаар өмнөд хөршид оччихсон бурхан тахилуудаа ч авах талаар яриа хэлцэл хийх хугацаа түүнд байв. Гэтэл Ч.Номинд хойд хөршийн талаас хариу өгчихөөд байхад өнгөрсөн долоо хоногт гэнэт энэ асуудлыг сөхсөн нь ч хачирхалтай. Мэдээж бид элдэв гэрээ, хэлцлийн дагуу харьд гаргасан соёлын биет өв, археологи, палеонтологийн үнэт олдворуудаа тухайн улс орноос буцаан авах боломж бий. ЮНЕСКО-гийн 1970 оны Соёлын үнэт зүйлсийн хууль бус экспорт, импорт, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай конвенцод нэгдэн орсон улс орнууд тодорхой үүрэг хүлээдэг. Тус конвенцод “Аливаа улсыг гадаад улс эзлэн түрэмгийлсний шууд буюу шууд бус уршгаар соёлын үнэт зүйлсийг хууль бусаар экспортолж, түүнийг өмчлөх эрхийг хүчээр шилжүүлсэн бол тэдгээр үйлдлийг мөн хууль бус гэж үзнэ”, “Археологийн болон угсаатны зүйн материалыг хулгайлснаас үүдэж соёлын сан хөмрөг нь аюулд учирсан энэхүү конвенцод оролцогч аливаа улс холбогдох бусад оролцогч улсад хандаж болно. Энэ тохиолдолд конвенцод оролцогч улсууд шаардлагатай арга хэмжээг тодорхойлж хэрэгжүүлэх, түүний дотор соёлын үнэт зүйлсээр худалдаа хийх, тэдгээрийг импортлох, экспортлоход хяналт тавих зэрэг олон улсын харилцан зохицуулсан үйл ажиллагаанд оролцох үүрэгтэй. Тийнхүү харилцан тохиролцох хүртэл холбогдох орон бүр хүсэлт гаргагч улсын соёлын өвд нөхөшгүй хохирол учрахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг бололцооныхоо хэрээр авна”, “Оролцогч улсууд дээрх үйлдлийг таслан зогсоох, шалтгааныг нь арилгах, шаардлагатай бол хохирлыг барагдуулахад туслалцаа үзүүлэх зэрэг арга хэмжээг өөрсдийнхөө бололцооны хэрээр авах үүрэг хүлээнэ” гэж заасан байдаг. Тэгэхээр эл конвенцын заалтуудыг үндэслээд гадаадын улс орнуудаас археологи, палеонтологийн олдворуудаа буцаан авах боломж бий юм. Харамсалтай нь, гадаадын улс орнууд, ялангуяа их гүрнүүд гэх АНУ, ОХУ-ын тал манайхаас аваачсан олдворуудыг буцаан өгөхгүй гэдэг аж.

Р.Ч.Эндрюсийн экспедицийн гэрээг үндэслэж олдворуудаа авч болох уу 

Америкийн байгаль судлаач, аялагч Рой Чапмэн Эндрюс 1918-1925 оны хооронд гурван удаагийн экспедиц зохион байгуулж манай говьд судалгаа хийсэн түүхийг мэдэхгүй хүн бараг л үгүй. Тэрбээр манайхаас маш олон тооны олдвор авч АНУ-д хүргэсэн гэдгийг ч дуулаагүй хүн ховор биз ээ. Түүний удирдсан баг гурав дахь удаагаа ирэхдээ буюу 1925 оны тавдугаар сарын 29-нд Монголын шинжлэх ухааны хороо, Судар бичгийн хүрээлэнтэй найман зүйл бүхий гэрээ байгуулж, түүний дагуу палеонтологи, археологийн олдворуудын нэг хувь, экспедицийн маршрутын карт, тайлан, фото болон кино зургийг Монголын талд хүлээлгэн өгөхөөр тохирсон гэдэг. Манай улсад хийсэн хайгуул судалгааныхаа үр дүнд Р.Ч.Эндрюсийн экспедицийнхэн алдаршиж, Монголын говиос олон тооны үлэг гүрвэлийн олдвор, түүний өндөгтэй нутаг буцсан. Тэгвэл эл экспедицийнхэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн үү, Монголын талд хүлээлгэж өгөхөөр тохиролцсон эд зүйлээ буцаан өгсөн үү гэдэг асуулт гарна.

Буцааж өгөөгүйн баталгаа болж АНУ-ын Нью-Йорк дахь Байгалийн түүхийн музейд Монголоос аваачсан үлэг гүрвэлийн чулуужсан олдворууд өнөөг хүртэл байсаар буй. Тухайн олдворуудыг эх оронд нь буцаах талаар хэн ч, юу ч дуугардаггүй. Гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу бол Монголын говиос олдсон олдворуудыг буцааж авч болохоор.

Тэгвэл оросууд тэртээ 1920-иод оны дунд, сүүлч үед Р.Ч.Эндрюсийн АНУ гаргасан олдворуудыг буцаан авах, хамгаалах гэх нэр, халхавч дор үйл ажиллагаа явуулж байсан бололтой. Тухайлбал, “Зөвлөлтийн судлаачийн судалгааны ажил нь АНУ-ын Байгалийн түүхийн музейн ерөнхийлөгч Р.Ч.Эндрюсийн экспедицийн явцад олон түүхэн олдвор Монголын нутгаас авч явуулсантай тэмцэхэд зориулсан Монголын Засгийн газрын 1924 оны есдүгээр сарын 5-нд баталсан Түүхэн дурсгалыг хамгаалах тухай хууль зүйлийн бичгийн үндэслэн зөвшөөрөгдсөн байжээ” гэж. Тэгэхээр оросууд Монголоос авч гарсан олдворуудыг хуульд нийцүүлэхийн тулд АНУ-ын талтай байгуулсан гэрээг ашигласан байж ч болох.

Ноён уулын олдворуудыг буцаах саналд оросууд ямар хариу барив 

ССАЖЗ-ын сайд асан Ч.Номин ОХУ-аас манайд суугаа Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой уулзаж, Эрмитаж музейгээс олдворуудыг хуулбарлах, заримыг нь “Чингис хаан” музейд буцаан авах санал тавьсан тухай мэдээлэл хоёр жилийн өмнө цахим хуудсуудад нийтэлж байв. Тэгвэл ОХУ-ын Соёлын сайд О.Б.Любимова албан ёсны хариугаа 2024 оны хоёрдугаар сарын 2-нд Ч.Номинд ирүүлснийг манайд суугаа Элчин сайд нь түүнд хаяглан хүргүүлсэн аж.

c953410762f24a9199986a11c0fc7135

5d9c7d467b58418c87f18b7141f4126d

c73ee7efe94342ba806050f57a631e29

Уг захидалд “Улсын Эрмитаж музейд хадгалагдаж буй Ноён уулаас гарсан үзмэрүүдийн талаар дараах зүйлийг мэдээлье. Оросын газар зүйн нийгэмлэгээс П.К.Козловын удирдаж, 1924-1925 онд зохион байгуулсан Монгол-Төвөдийн экспедицийн судалгааны явцад Ноён уулын булшийг судалсан билээ. Тэнд малтлага хийхийг П.К.Козлов Монголын Ардын гэгээрлийн яамны Эрдмийн хороо, түүний нарийн бичгийн дарга Ц.Жамсраногоор зөвшөөрүүлж, БНМАУ-ын Засгийн газраас зөвшөөрөл авсан” гэжээ. Энэ зөвшөөрөл, гэрээнийн нэгдүгээрт “Монгол-Төвөдийн экспедицийн 1924 онд Ноён уулнаас малтан гаргах бүх олдворыг бүрэн хэмжээгээр шинжлэн судлах зорилгоор Ленинград хотод явуулна. Хоёрдугаарт “Дунд хэмжээний аливаа нэг булшнаас гарган авсан бүх олдворт Монгол Улсад 1925 оны намар гэхэд эргүүлэн ачиж, Эрдмийн хороонд хүлээлгэн өгөх” гэж тусгасан байна. Ингээд хойд хөрш рүү илгээсэн ч гэрээнд тусгасан 1925 онд бүгдийг судалж амжаагүйгээс 1926 оны намар хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргийг биелүүлэх хугацааг сунгахаар дахин гэрээ байгуулсан аж. Ингэснээр 1929 оны зургаадугаар сарын 1 хүртэл түүнийг сунгасан юм байна. Улмаар Оросын тал эхний олдворуудыг 1926 оны наймдугаар сард, сүүлийнхийг нь 1928 онд холбогдох бичиг баримтын хамт хүргүүлсэн гэнэ. Энэ талаар ОХУ-ын Соёлын сайд О.Б.Любимовагийн захидалд тодорхой дурджээ.

Тухайлбал, “Хэлэлцээрийн эх бичвэр, хоёр улсын хооронд хүрсэн найрамдал, итгэлцлийн хүрээнд хамгийн том, баялаг нь болох нэгдүгээр булшнаас гарсан олдвор төдийгүй 6, 11, 23, 24, 25-аас гаргаж авсан эрдэнийн чулуу, ноос, торго, хаш чулуугаар хийсэн олдворуудыг хүлээлгэн өгчээ. Бүх олдворыг ЗСБНХУ-ын Гэгээрлийн ардын комиссариатын Биет соёлын түүхийн улсын академийн харьяа Археологийн технологийн хүрээлэнд сэргээн засварласан. Тэдгээрийг илүү сайн хадгалах зорилгоор тусгай авдар, хайрцаг зэргийг ч шинээр хийсэн” гэж дурдсан байв. 

Түүнчлэн 2024 онд “Эрмитаж музейд П.К.Козловын мэндэлсний 160, Монгол, Төвөдийн экспедицийн 100 жилийн ойд зориулан Монгол, Оросын эрдэмтэн судлаачдын 1924 оноос өнөөг хүртэл явуулсан олдворуудын малтлага, танхимын судалгаа, сэргээн засварлах ажлын түүхийг харуулсан “Археологийн өвөрмөц онцлог: Өнгөрсөн, ирээдүйн дунд хавчуулагдсан нь” сэдэвт үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна. Үүнд Монгол Улсын ШУА-ийн эрдэмтэн, судлаачид гар бие оролцоно гэдэгт итгэлтэй байна. Хэрэв Монголын тал хүсэлт гаргавал Эрмитаж музейн боломжид тулгуурлан Ноён уулын археологийн олдворуудыг 3D хэлбэрээр хуулбарлах, загвар гаргах ажлыг зохион байгуулж, хүлээлгэн өгөх боломжтой. Эрмитаж музейд хадгалагдаж байгаа Ноён уулын олдворын цуглуулгын хамтарсан судалгаа явуулах, сурталчлах, соёлын өвийг дэлхий дахинаа таниулж, Монгол, Оросын хамтын ажиллагааны найрсаг байдлыг бататган бэхжүүлэхэд хувь нэмэр болно” хэмээн захидалд тодотгожээ.

Үүнээс үзэхэд, ОХУ-ын Соёлын сайд нь манай ССАЖЗ-ын сайд Ч.Номинд эелдгээр татгалзсан хариу өгсөн гэхэд хилсдэхгүй нь. Сайд асан ч дээрх захидлыг хүлээн авсан атлаа өнөө болсон хойно хариу өгөөгүй мэт аяглаж буй нь харамсалтай.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.