А.Амундраг шавай нь ханатал яриулмаар байна!
Ньюс.мн, Боловсрол суваг телевизийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Амундра гэдэг залуу нэг л мэдэхэд хамаг л том гэсэн улс төрчдөд зөвлөдөг, хамаг том гэсэн төслүүд дээр ажилладаг болчихсон. Ардчилсан намын сонгуулийг пиарчнаар олон жил ажилласан.
Их сургууль төгсөөгүй гэж өөрөө ярьсан энэ залуу байгалийн унаган өгөгдөхүүнтэй, ухаан нь аль эрт задарсан, сийрэг толгойтой нэгэн гэдэг нь хашиж байсан албан тушаалуудаас нь илт харагддаг. Өөчилбөл хор найруулахдаа гаргуун гэх ч, Гашуунсухайтын төмөр зам мэтийн том төслийг аваад явснаас нь харахад хоосонгүй л хүн шиг санагддаг.
За ийм нэг залуу сүүлийн үед ярианы сэдэв, сэтгүүлчдийн ярилцлага авахсан гэж хүсдэг хүмүүсийн нэг болчихлоо.
“Голомт”-ын Б.Баясгалангийн улс төрчдөд тараасан гэх авлигын хэрэгт тэр шууд нэр холбогдчихлоо. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тул энэхүү оффтейк гэрээний тухай ихийг мэдэх нь гарцаагүй. Өмнө нь 2025 оны аравдугаар сард нэр холбогдохдоо “Б.Энхбаяр аа, чи намайг гэрчийн хамгаалалтад авчих. Би "Бодь"-ийн оффтэйк гэрээнээс хэн нь хэдийг авсныг мөнгөтэй, мөртэй нь олон нийтэд яриад өгье” хэмээн хэлж байв.
Өндөр мөнгөн дүнтэй авлигын асуудал гарах нь гарсан шиг байна шүү. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн ярьсан шиг 110 сая доллар гэдэг нь харин юу л бол. Мөнгө мөртэй гэдэг. Гашуунсухайтын төмөр замын тэр их мөнгөний хэд нь хаашаа, хэн рүү явсан нь хэзээ нэгэн цагт гарч ирэх нь ч гарч ирэх л юм шиг байна.
Иймд А.Амундраг хүсээд байгаа гэрчийн хамгаалалтад нь авч байгаад шавайг нь ханатал яриулмаар байна. Ард түмэн үнэнийг мэдэж авъя. Манай улс төрчид том төсөлд ямар хэмжээний “нус” наадгийг мэдэхийн эрхийнхээ хүрээнд мэдэж авцгаая.
Тэр “Castle” гэдэг бааранд Б.Баясгалан, Б.Энхбаяр нар юу ярьсныг сонсмоор байна. Цаашилбал, “Голомт”-ын оффист Д.Сумъяабазар хотын дарга байхдаа, Б.Баясгалан, Б.Энхбаяр хоёрыг хэрхэн танилцуулснаа ч яримаар байна. Бие биенээ огт мэдэхгүй, амьдралдаа ч уулзаж байгаагүй гэж мэлзээд байгаа хүмүүс шүү дээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.