Ерөнхий сайдын чихнээс хонх уясан гурван сайд
Сайнтай муутай сав дүүрнэ гэж манай өвөг дээдэс ярьдаг. Уулын мод урттай, богинотой ч гэж хэлдэг.
Засгийн газрын гишүүдээс сайн ажиллаж байгаа нь ч байна. Нэр хүндийг нь хойш нь татаж байгаа нь ч байна. Явуулах гэж байгаа Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нарын тухай нэгэнт Засгийн газрын шийдвэр гарсан учир олон зүйл ярихгүй. Явж байгаа хүний араас ус цацдаггүй.
Харин одоо ажлаа хийж байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн нарын тухай ярихгүй өнгөрч боломгүй. Энэ хүмүүсийг чөлөөлөх, цаашилбал дахин салбар хариуцуулахгүй байх нь монголын төрд өлзийтэй.
Г.Занданшатарын Засгийн газар энэ хэвээр ажиллаасай, “Цэгцрэх хөдөлгөөн”-өө дуусгаасай, авлигачдаас хөрөнгө хураах ажил, алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчийн компаниудын хувьцааг хөрөнгийн зах зээл дээр гаргах ажлуудаа хийгээсэй гэж олон нийт 100 хувь дэмжиж байгаа.
Гэлээ гэхдээ, дээр хэлсэнчлэн Засгийн нэр хүндийг хойш татаж байгаа, шулуухан хэлэхэд монгол төрийн үүдээр орууламгүй, засгийн газрын гишүүнээр томиломгүй хэдэн хүний тухай дуугарч эс чадав.
Б.Энхбаяр юунд л орооцолдчихов доо!
Хууль зүй, дотоод хэргийн сайд 1.3 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдчихлоо. Баримтыг аваачиж тушаасан Л.Оюун-Эрдэнэ юу ч гэж тайлбарласан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр юу ч гэж мэлзсэн, эцсийн хариултыг Авлигатай тэмцэх газар өгнө. АТГ шалгаж тогтоох үүрэгтэй.
Одоогоо мэдэгдэж буйгаар 1.3 сая долларын авлигаас гадна, цагдаа нарын цалингаас илүү гарсан 5 тэрбум (зарим эх сурвалж долоон тэрбум гэж буй) төгрөгийг өдгөө ХХААХҮ-ийн дэд сайдаар ажиллаж байгаа этгээдийн хамаарал бүхий компани руу шилжүүлсэн баримт ил болчихлоо. Мөн, А.Амундраг танихгүй, “Голомт”-ын Б.Баясгалантай уулзаагүй гэж мэлзэж байгаа ч Хотын дарга асан Д.Сумъяабазар нарын гэрчүүд гараад ирлээ. А.Амундра ч өөрөө гэрчлээд өгье гэлээ.
Trap гэж ойлголт байдаг. Хавханд орсон амьтан тэлчлэх тусам өөрийгөө улам мултрах аргагүй болгодог. Үүн шиг, Б.Энхбаяр мэдэгдэл хийх бүрдээ өөрөө өөрийгөө шаварт хутгасаар байна. “Бодь” группийн төсөл дээр зөвлөхөөр ажиллаж байсан ч, “ёстой тийм юм байхгүй” хэмээн мэлзэж байгаа дэд сайдынх нь асуудлыг яривал үлгэрийн далай гэсэн үг.
Баянзүрхийн савдаг Э.Бат-Амгалан
Танхай стильтэй, мафийн толгойлогч маягийн нэг УИХ-ын гишүүнтэй болчихоод байгаа. Улмаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд болоод авсан.
Баянзүрх дүүргийн ахмадуудад татвар төлөгчдийн мөнгөөр бэлэг сэлт авч өгсөн л гэнэ, төрийн албан хаагчдад “орон сууцны дэмжлэг” гэж 30, 30 сая төгрөг шилжүүлж авлигадсан ч гэхшиг. Хамгийн ноцтой нь, “Зэс эрдэнийн хувь” хувьцаат компани.
Нөхрийн нэр дээр юм байдаггүй учир их бардам ярьдаг ч хамаг мөнгө санхүүг нь дүү нь барьдаг нь илт. Дүү нь том том мөнгө хөдөлгөж, компанийнх нь дансаар тэрбум тэрбумаар эргэлдэж байдаг нь тодорхой болчихоод байгаа. Э.Бат-Амгалан “Миний дүүгийн асуудал надад хамаагүй. Өөрөөс нь асуухгүй юу” гэж орилоод байгаа.
Баригдана даа, баригдана.
БНСУ болон АНУ руу зорчиход юу л болоод байна даа!
Ерөнхий сайдын чихнээс хонх уяж байгаа гурав дахь хүн нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг.
БНСУ-ын хил дээрээс ёс юм шиг монголын иргэд буцдаг болоод байгаа. Тус улс дахь ЭСЯ-наас нэг хүн гаргаж хариуцуулж байгаа гэх боловч буцдаг байдал тасрахгүй л байна.
Мөн, Элчин сайдынх нь жолооч нь ноцтой осол гаргаж арга хэмжээ авагдсан. Уг нь Элчин сайд нь арга хэмжээ авахуулах ёстой. Гэвч Б.Батцэцэг сайд чимээгүйхэн аваад үлдэнэ лээ.
Дотоодын цэргийн нэг цэрэг нөгөөгөө дэглэхэд дарга нь хариуцлага тооцогддог биз дээ. Түүн шиг ЭСЯ-ны нэгдүгээр жолооч осол гаргахад Элчин сайд нь ч, салбарын сайд нь ч “Намайг март, март” гэж ханцуйдаа залбираад өнгөрөмгүй л.
АНУ “Визийн бонд” гэдэг хөтөлбөрт Монгол Улсыг саяхан оруулчихлаа. Ө.Батбаяр гэдэг Элчин сайдыг ажлаа сайн хийсэн хэмээн хугацааг нь дахин дөрвөн жилээр сунгасан. Элчин сайд ч, салбарын яам ч ийм хөтөлбөрийн талаар “юу ууу ч мэдэхгүй” сууж байсан гэж баймгүй юм даа!
Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр, “Одоо арга хэмжээ авна. Бичиг өргөн барина” хэмээн хулхин дээр цэцэг ургуулж байгаа Б.Батцэцэгтэй хариуцлага тооцож, Засгийн газрын гишүүнээр дахин томилохгүй байх нь шударга ёсонд нийцнэ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.