🔴 О.Сийлэгмаа: Б.Энхбаяр сайдыг шалгуулахаар АТГ-т хандлаа
Боловсролын зээлийн сангийн (БЗС) Ажлын албаны дарга асан О.Сийлэгмаа өнөөдөр Авлигатай тэмцэх газарт (АТГ) хандаж, нэр бүхий сайд нартай холбоотой баримтуудыг албан ёсоор хүлээлгэн өглөө. Тэрээр Засгийн газрын гишүүн Б.Энхбаяр, Б.Батцэцэг нарыг БЗС-гаас зээл авах, суралцах болон зээлээ чөлөөлүүлэхдээ хууль журам зөрчсөн гэж үзэж, тэдэнд ёс зүйн болон эрүүгийн хариуцлага тооцуулах хүсэлт гаргаж байгаагаа мэдэгдэв.
О.Сийлэгмаагийн хэлснээр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нь сонгон шалгаруулалтаас эхлээд зээлээ тэглүүлэх хүртэлх бүх шатанд журам зөрчсөн байна. Тодруулбал, 2007 онд АНУ-д Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцахаар сонгогдохдоо бакалаврын мэргэжил болон ажлын туршлагын шалгуурыг хангаагүй байжээ. Мөн 2008 онд сургалтын төлбөрийн санхүүжилтийг сургуулийн данс руу биш, өөрийн хувийн данс руу шилжүүлэн авсан нь тухайн үеийн журмыг ноцтой зөрчсөн үйлдэл болохыг баримтаар дэлгэлээ.
Түүнчлэн Б.Энхбаяр сайд 2018 онд зээлээ тэглүүлэхдээ гэрээний үүргээ биелүүлээгүй байсан гэдгийг тэрээр онцолсон юм. Гэрээнд зааснаар төгсөж ирээд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжлээрээ таваас доошгүй жил ажиллах ёстой байсан ч тэрээр НДЕГ болон намын бүтцэд ажиллаж байгаад дэд сайд болох үедээ зээлээ чөлөөлүүлсэн байна. Хэдийгээр тэрээр 2023 онд үндсэн зээл болох 32 мянган ам.долларыг төлсөн ч хүүг нь төлөөгүй бөгөөд энэ нь албан тушаалын байдлаа ашигласан хэрэг байх магадлалтай тул шалгуулах шаардлагатай гэв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн тухайд 2003 онд сонгон шалгаруулалтад орохдоо төрийн албанд хоёроос доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй, хувийн хэвшилд ажиллаж байсан гэдгийг О.Сийлэгмаа дурдлаа. Мөн 2013 онд зээлээ тэглүүлэхдээ Хүнс, хөдөө аж ахуйн яаманд таван жил ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй, "Мөнхийн үсэг" компани болон намын байгууллагад ажиллаж байхдаа зээлээ чөлөөлүүлсэн нь журам зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
БЗС-гийн Ажлын албаны дарга асан О.Сийлэгмаа нийт 1135 хүний 130 орчим тэрбум төгрөгийн зээлийг үндэслэлгүйгээр тэглэсэн байж болзошгүй асуудал байгааг санууллаа. Тэрээр эдгээр зээл чөлөөлсөн тушаалуудыг хүчингүй болгож, гэрээний биелэлтийг дахин дүгнэх шаардлагатайг хэлэв. Хэрэв салбарын сайдын тушаал хүчингүй болбол нэг сарын дотор бүх гэрээг дүгнэж, төрд учирсан хохирлыг хүүтэй нь хамт барагдуулах боломжтойг тэрээр онцолсон юм.
Тэрээр ажлаа өгөх болсон шалтгаанаа тайлбарлахдаа, БЗС-гийн асуудлыг хөндөж, сайд нарын хууль бус үйлдлийг илчилсний төлөө удирдлагуудын зүгээс шахалт ирсэн гэдгийг дурдлаа. О.Сийлэгмаа "Би энэ асуудлыг ажиллаж байх хугацаандаа ч яамандаа удаа дараа тавьж байсан. Одоо иргэний хувиар АТГ-ын даргатай уулзаж, авлигын эсрэг тэмцлийг Засгийн газрын танхимд байгаа сайд нараас эхлүүлэхийг шаардаж байна" гэлээ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.