🔴 Ж.Батжаргал: Н.Учрал даргын өгсөн үүргийн дагуу бүлгээ хуралдуулж "УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР" гаргана
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирц бүрдээгүйн улмаас хойшилсонтой холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал мэдээлэл өглөө. Тэрбээр УИХ-ын бүтцийн байгууллагуудын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, гишүүдийн ирцийг бүрдүүлэх чиглэлд боломжит бүх арга хэмжээг авч ажилласан боловч өнөөдрийн хуралдааны ирц хүрээгүйг онцлов. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу МАН-ын бүлэг өнөөдөр 14:00 цагт ээлжит бусаар хуралдаж, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөн улс төрийн шийдвэр гаргахаар болжээ.
Гишүүдийн ирцийн талаар Ж.Батжаргал хэлэхдээ, "УИХ-ын гишүүд ард түмний мандат авч, төр барих эрхийг төлөөллөөр хэрэгжүүлж байгаагийн хувьд чуулган болон байнгын хорооны хуралдаанд бүрэн суух үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар манай бүлгийн найман гишүүн эрүүл мэндийн шалтгаантай, гурван гишүүн гадаад томилолттой, хоёр гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөтэй байна. Бусад гишүүдийн хувьд ирц бүрдүүлэх боломжтой гэж тооцсон боловч харамсалтай нь ирц хүрсэнгүй. Үүнд хариуцлагатай хандах ёстойг зориуд хэлмээр байна" хэмээн тайлбарлав.
Бүлгийн дотор хагарал үүссэн эсвэл зарим гишүүд Ардчилсан намын шаардлагыг дэмжиж байгаа эсэх талаарх асуултад тэрбээр няцаалт өглөө. Тэрбээр бүлгийн гишүүдийн зүгээс өнөөдрийг хүртэл ямар нэгэн улс төрийн шаардлага албан ёсоор тавиагүйг тодотгоод, АН-ын тавьж буй шаардлага нь одоогийн мөрдөгдөж буй хууль тогтоомжид нийцэхгүй, үндэслэлгүй байгааг тэмдэглэв. Хуулийн дагуу зөвхөн асуудлыг нягтлах, байр сууриа нэгтгэх зорилгоор тодорхой хугацаагаар завсарлага авах зохицуулалт байхаас биш, албан шаардлага өгчихөөд хуралдаанд суухгүй байх эрх зүйн үндэслэл Монгол Улсад байхгүй гэдгийг санууллаа.
Мөн тэрбээр бүлгийн даргын хувьд ажлаа хариуцлагатай хийж байгаагаа илэрхийлээд, "Би цэцэрлэгийн багш биш. Энэ хүмүүс бол ард түмний итгэлийг хүлээсэн УИХ-ын гишүүд. Тийм учраас хууль, дүрэм, журамдаа захирагдаж үйл ажиллагаа нь явах ёстой. Миний зүгээс асуудлыг хэвийн үргэлжлүүлэхийн төлөө авч болох бүхий л арга хэмжээг авсан" гэв. Өнөөдрийн байдлаар МАН-ын бүлгээс 47 гишүүн ирсэн бөгөөд боломжит 55 гишүүнээс яагаад ирц бүрдээгүй асуудлыг бүлгийн хурлаар нээлттэй хэлэлцэж, гарц шийдлийг тодорхойлох юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.