Гэр бүлийн шинэ хуульд цалинтай ээж, татварын хөнгөлөлт, орон сууцны дэмжлэгийг тусгажээ

Гэр бүлийн шинэ хуульд цалинтай ээж, татварын хөнгөлөлт, орон сууцны дэмжлэгийг тусгажээ

Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн батлуулж, “Чанартай амьдрал – гэр бүлийн гишүүдийн оролцоо” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний хүрээнд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2025 оны 11 дүгээр сард УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэхийг дэмжээд байгаа бол Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, өнөөдөр олон нийтэд нээлттэй хэлэлцүүлж байна.

Тус хуулийн төсөлд гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэх, ажил амьдралын тэнцвэрийг хангах, хүүхэд, эцэг эхэд үзүүлэх мөнгөн болон үйлчилгээний дэмжлэг, гэр бүлийн хөгжлийг дэмжих тогтолцоог бүрдүүлэх асуудлыг тусгасан нь онцлог юм.

Хуулийн төсөлд орон сууцны дэмжлэг, гэр бүлийн боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүйн үйлчилгээ, нийгмийн дэмжлэг зэрэг чиглэлээр бодлого хэрэгжүүлэхээр тусгасан байна. Мөн жирэмсэн эх, ихэр хүүхдийн тэтгэмж, “цалинтай ээж”, “Алдарт эх” одонгийн урамшуулал, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүн амын өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд тус хуулиар зохицуулахаар тусгажээ.

Мөн ажил амьдралын тэнцвэрийг дэмжих хүрээнд асаргаа шаардлагатай гэр бүлийн гишүүнтэй ажилтанд жилд нэг удаа гурван сар хүртэл хугацаанд зайнаас ажиллах боломж олгох, бага насны хүүхэдтэй ажилтны ажлын цагийг богиносгох, хүүхдийн амралтын үеэр ээлжийн амралтыг нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтыг багтаасан байна.

Түүнчлэн гурваас дээш хүүхэдтэй гэр бүлийн нэг гишүүний орлогыг татвараас чөлөөлөх, залуу болон олон хүүхэдтэй гэр бүлийг орон сууцны хөтөлбөрт давуу байдлаар хамруулах зохицуулалт тусгагджээ.

Хууль батлагдсанаар хүн амын өсөлтийг дэмжих, гэр бүлийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, амьдралын чанарыг сайжруулахад эерэг нөлөө үзүүлнэ гэж хууль санаачлагчид үзэж байна

Статистик мэдээллээр 2024 оны байдлаар Монгол Улсад 997 мянган өрх байгаагаас 691 мянга нь хотод, 305 мянга нь хөдөө амьдарч байна. Мөн 66.8 мянган өрх толгойлсон ганц бие эцэг, эх байгаагаас 11.9 мянга нь эцэг байна. Сүүлийн жилүүдэд гэрлэлтийн тоо буурч байгаа бол гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, 2019 онд 4,262 байсан гэр бүл цуцлалтын тоо 2024 онд 4,463 болж 5 хувиар өссөн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.